Япон улсын зочид буудлууд өвөрмөц үйлчилгээ санал болгодгоороо зартай. Энэ улсад та өндөр зэрэглэлийн буудлуудаас гадна маш хямд үнэтэй капсулан унтлагын өрөөнүүдийг ч олох боломжтой байдаг. Тэгвэл саяхан тус улсад “Бүүк энд Бед” нэртэй зочид буудал ашиглалтад орсон байна. Үйлчлүүлэгчдэдээ хоноглох ор, унших ном хоёр санал болгодгоо нэрэндээ ёгтолсон энэ зочид буудал зочдынхоо тав тух төдийгүй оюуны хэрэгцээг зэрэг хангахыг гол зорилгоо болгожээ.
Иймээс тус зочид буудал үйлчлүүлэгчдээ элдэв төрлийн шинэ үйлчилгээ бус харин 2000 гаруй номоос 24 цагийн турш сонгон унших боломжийг санал болгож байна. Үүнээс гадна зочид буудлын 30 капсулан өрөөний тэн хагасыг номын тавиуруудын ард байрлуулжээ. Хүн бүр цахим сүлжээ ашиглаж байгаа өнөөгийн завгүй нийгэмд хааяа ч гэсэн тайван газар, сайн ном унших хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг. Зарим хүн хоноглох газаргүйдээ бус харин ном унших тайван орчинг эрэлхийлэн энэ зочид буудлын үйлчилгээг авдаг болсон байна.
Үүнээс гадна зочид буудлын нийтийн амралтын өрөөнд амрагчид цуглаж уншсан номуудынхаа талаар санал солилцох, харилцан ярилцах боломж бий. Энэ нь нэг төрлийн өвөрмөц клубт элссэн мэт сэтгэгдэл төрүүлж байгааг зочид буудлын үйлчлүүлэгчид таатай хүлээн авчээ. Энд хоноглоход өрөөний талбайгаас шалтгаалан 30-39 доллар төлөхөд хангалттай. “Бед энд Бүүк” зочид буудлаар үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс тасрахгүй, бүр дараалал үүсгээд буй юм байна.
Мөн нийт үйлчлүүлэгчдийнх нь 70 гаруй хувийг 20-30 насныхан бүрдүүлж байна. Залуу үе номыг ингэж сонирхож байгаад баяртай байгаагаа буудлын захиргаа мэдэгдлээ. Цаашид тус зочид буудал хоёр шинэ салбараа нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: MNB.mn