“Сайдын цаг”-т Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо

Засгийн газрын ХЭГ-аас зохион байгуулдаг уламжлалт “Сайдын цаг” уулзалтын энэ долоо хоногийнход Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ.  Тэрбээр өнгөрсөн сүүүлийн үед хөдөлмөрийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудаас тоймлон  танилцуулахдаа өнгөрсөн сарын 20-нд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн тухай мэдээллээр эхэлсэн юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоов

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс  мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Гэтэл  хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний тогтоолоор сард 192 мянган төгрөг буюу нэг цагт 1142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож, есдүгээр сарын 1-нээс нь мөрдөж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхдээ хуульд заасны дагуу хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг байгаа ба хөдөлмөрийн хүний цалин хөлс тэтгэврийн доод хэмжээнээс бага байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулсан сөрөг үр дагавартай гэж үзсэн тул ийнхүү нэмэгдүүлсэн.

Цалин нэмэх эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгуулахаар саналаа хүргүүлсэн

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтын хүрээнд хийсэн Нэмэлт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын 2015 оны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд зарцуулахаар тусгагдсан 90.0 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн тусгахаар тохиролцсон.

 УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн цалин хөлстэй холбоотой холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 90.0 тэрбум төгрөгийг тусгах тооцоолол, холбогдох төслийн саналыг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлээд байна.

ХАХНХ-ийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан А/49,А/105 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээ, журмыг баталж, 1995 оноос өмнө авч байсан цалинг тогтоох боломжгүй иргэдийн тэтгэвэр тогтоолгох цалингийн жишиг, хэрэгжүүлэх журмыг тогтоон  2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр боллоо.

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян өрнүүлж, уриалга гаргалаа

Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- ыг шинэчлэн баталсан. Уг жагсаалтанд  барилгын талбай дээрх бүх төрлийн ажил, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах, шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт соёлын болон циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил, авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил зэргийг шинээр нэмсэн.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас  жил бүрийн зургадугаар сарын 12-ныг  “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтаж Хөдөлмөрийн сайдын санаачилгаар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аяныг орон даяар зарласан. Өнөөдөр манай улсад 100 гаруй мянган хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй нь хүнд, хортой хөдөлмөр эрхэлж байгаа тул хүүхдийн хөдөлмөрийг устгах зорилт нэн тэргүүний асуудал хэмээн үзэж мөн “Хүүхдийн хөдөлмөрийн  тэвчишгүй хэлбэрүүдийг  устгах тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон хүүхдийн хөдөлмөрийн  тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлж, 2016 онд хүүхдийн хөдөлмөрийн  тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгахыг бүх нийтэд хандан уриалсан.

“Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг батлууллаа

Дэлхий дахинаа бичил бизнесийг ажлын байрыг олноор бий болгодог, иргэд ядуу байдлаа өөрчлөн, идэвхтэй амьдралын хэмнэлд шилжихийг дэмждэг  хамгийн шилдэг арга зам гэж хүлээн зөвшөөрдөг. Иймээс Засгийн газраас “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн сумдад 40-өөс доошгүй, Зүүнхараа, Замын-үүд, Хархорин, Хатгал, Бор-Өндөр зэрэг аж үйлдвэр, үйлчилгээний дэд бүтэц сайтай, хүн ам олонтой сумдад 20-иос доошгүй, хөдөлмөрийн насны хүн ам цөөтэй сумдад 10-аас доошгүй, нийслэлийн хороо бүрт 15-аас доошгүй иргэдийн бизнесийн бүлгийг 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, зээл, зээлийн батлан даалт, аж ахуй эрхлэлтийн сургалт, зөвлөгөө, мэдээллээр дамжуулан аж ахуйн зохион байгуулалтад шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Хөтөлбөрийг орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулж, 2016-2018 онд хэрэгжүүлснээр сум, хороо бүрт 500-гаас доошгүй хүний орлого нэмэгдэж, нийт 66 мянган ажлын байр шинээр бий болох ба хадгалагдах урьдчилсан тооцоо бий. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгаа.

Малчны мэргэжлийн ангийг шинээр нээлээ

Монгол Улсын мал сүргийн тоо өнгөрсөн онд 56.0 саяд хүрч түүхэнд тохиолдоогүй их буюу 19,1 сая төл бойжууллаа. Улсын хэмжээнд 300 мянга орчим малчин байгаагийн 110 мянга гаруй нь залуу малчин. Гэтэл энэ тоо жилд 1,0 хувиар буурч байгаа. Нэг үгээр мал маллах сонирхолтйо залуус ховордож байгаа учраас  мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргах, малчдын залуу халааг сурган бэлтгэх, малч ухааныг өвлүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор Хөдөлмөрийн яамнаас санаачлан “Малчдын залуу халаа” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжсөн сургалттай мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад “Малчны мэргэжлийн анги”-ийг шинээр нээхээр болсон бөгөөд анхных нь Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид 25 суралцагчтайгаар хичээлээ эхэлсэн. Цаашид Баянхонгор, Булганы ХАА-н МСҮТ,  зэрэг бүсчилж нээх зорилготой байна.  Малчны ангийг төгсөгчдийг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т илүү өргөн хүрээтэй хамруулах боломжтой.

“Монгол ур чадвар-2016”  тэмцээнийг 10 мэргэжлээр зохион байгуулж байна

Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын Олон улсын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн. Тус байгууллага нь 74 гишүүн улстай бөгөөд Дэлхийн ур чадварын тэмцээнийг хоёр жил тутам зохион байгуулдаг. Энэ тэмцээнд манай улс 2015 онд анх удаа оролцсон. Ирэх жил Абу Дабид болох дэлхийн олимпод оролцох шилдгүүдийг тодруулах “Монгол ур чадвар-2016” тэмцээнийг Хөдөлмөрийн яам мэргэжлийн холбоодтой хамтран оёдол, хүнд машин механизмын оператор,  авто машины цахилгаан оношилгоо,  үсчин, гоо засал, барилгын засал чимэглэл, хавтанцар наагч, барилгын сантехник гэсэн долоон мэргэжлээр зохион байгуулаад байна.  Тун удахгүй энэ сарын 13-нд Завханд барилгын өрөг угсрагч мэргэжлийн шилдгүүдийг тодруулна

Сайд мэдээллийнхээ төгсгөлд салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчтилсэн найруулгын төсөл болон Гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах, гадаадад ажиллах хүч мэргэжилтэн илгээх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгийг боловсруулж Засгийн газар, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгааг дуулгасан. Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тэд Хөдөлмөрийн сайдаас шинээр нээсэн малчны ангид багшлах боловсон хүчний талаар, цалин нэмэх нь төсөвт ачаалал үүсгэх эсэх болон ажилгүйдлийн талаар асууж байсан юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …