“Их-7”-гийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалт эхлэхэд 10 хоног үлдээд байна. Тус уулзалтыг угтан “Их-7”-гийн байгаль орчны сайд нар Япон тэнгисийн эрэгт байрлах Тояма хотод 2 өдрийн уулзалт зохион байгуулж байна. 2009 оноос хойш анх удаа болж байгаа энэ удаагийн уулзалтаар Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ, Европын холбооны байгаль орчны сайд нар уур амьсгалын өөрчлөлт, нөөцийг дахин боловсруулах асуудлыг хөндөх юм байна.
Уулзалтад оролцох сайд нар болон бусад төлөөлөгчид өнгөрсөн бямба гарагт Тояма хотод очиж, уулзалтыг угтсан хүлээн авалтад оролцсон байна. Энэ онд “Их-7”-гийн уулзалтыг даргалж байгаа Япон улсын байгаль орчны сайд Тамаё Марукава хэлэхдээ дэлхийн улс орнуудын байгаль орчны бодлогод өнгөрсөн онд томоохон ахиц гарсан гээд, энэ онд эдгээр бодлогыг ажил хэрэг болгох жил гэдгийг онцоллоо. Уур амьсгалын асуудлаарх Парисын хурлаас өнгөрсөн 12 сард батлагдсан олон улсын гэрээг хэрэгжүүлэх асуудал “Их-7”-гийн сайд нарын хэлэлцэх асуудлын төвд байх юм.
Энэ хүрээнд уулзалтад оролцогчид дэлхийн дулааралтай тэмцэх урт хугацааны стратеги боловсруулах тухай “Их-7”-гийн бүлгийн хамтарсан тунхаглал батлахаар төлөвлөж байна. Үүнээс гадна дэлхийн бас нэгэн тулгамдсан асуудал болох хүнсний хаягдлыг бууруулах, дахин боловсруулах талаар хавсралт батлах ажил энэ удаагийн уулзалтын хуваарьт багтжээ.
mnb.mn