“Хөдөө тал минь малаар дүүрэн, хөрсөн дороо эрдэнээр баялаг” хэмээн дуулсаар ирсэн монголчууд ХХI зууны эхэнд “Эрдэнэт үйлдвэр өртэй байна, илгээлтийн эзэд нь ч дуусч байна” хэмээн гунигт дуу аялах болов.
Саяхан л алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн дуусашгүй их нөөц байхад алзахгүй ээ хэмээн ханхалзаж суусан монголчуудын гол худалдан авагч БНХАУ биднээс нүүр бууруулж манай нүүрс, төмрийн хүдрийн үнэ өдрөөс өдөрт шалчийлтлаа унасаар байна.
Өнөөдөр монголын уул уурхайн салбарт “хорт хавдар” шиг бугшаад байгаа ч олон нийт төдийлөн сайн анзаардаггүй, мэддэггүй, тэгсэн хэрнээ нийт ард түмний өмчийг хэдхэн эрх мэдэлтэн, мэдээлэл сайтай хүмүүс хуйвалдан хулгайлах замаар дэлхий даахгүй болтол баяжих гол эх сурвалжуудын нэг нь нөөц нь дуусах яагаа ч үгүй асар их баялагтай орд газруудын нөөцийг дууссан, эсвэл ямар ч нөөцгүй гэх хуурамч баримт бүрдүүлэн хувийн компани, гадаадын иргэдэд зарж борлуулан асар их ашиг олж байгаа ноцтой гэмт үйлдэл юм. Товчхондоо нөөц нь дууссан ордын нууц луйврын түүх ингэж эхэлжээ.
Оюутолгой, Тавантолгойн уурхайнууд үүцээ дэлгэн, гадаадынхныг даллаж, харийнхан манай байгалийн баялагт хөл алдан хошуурч байсан цаг саяхан. Тэр үеэс л төр засгийн өндөрлөгүүд ашигт малтмал олборлолтын хажуугаар байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлт гэдэг асуудлыг байнга ярьж, хоёр чихнээс нь “хонх” зүүгээд эхэлсэн.
Гэхдээ манай дарга нар асуудлынхаа гол учрыг олох нь байтугай дөмөгхөн төсөөлөлгүй байснаас монголын эдийн засаг, санхүүд ноцтой хүндрэл үүсгэх эхний бэрхшээлүүд тулгарч эхэллээ. Социализмын үед улсын хөрөнгөөр геологи, хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордуудыг эзэмшиж байгаа төрийн өмчит компаниудын удирдлагууд үгсэн хуйвалдаж, нөөц нь дуусаагүй орд газруудад нөхөн сэргээлт явуулах нэрээр ихээхэн хэмжээний алт, зэс, жонш, нүүрсний ордуудыг нуун дарагдуулдаг жинхэнэ мафийн үйл ажиллагаа сүүлийн үед газар авч байна.
Хувийн хэвшлийнхэн ч тэднээс дутахгүй гэсэн шиг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөнтэй үгсэн хуйвалдах замаар улсын өмчийг хэдэн зуун тэрбумаар нь үнэгүйдүүлж, асуудал намжсаны дараа хулгайн аргаар ухаж авдаг энэ луйврын сүлжээ хамгийн сүүлд “Хадгаламж” банкийг залгисан “Олон овоот”-ын орд дээр илрээд байгаа.
“Хоёр чихнээс өөр юмгүй үлдсэн” хэмээн уйлан дуугараад байсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн 2009 онд өөрийн болгосон “Олон овоот”-ын бүлэг ордын 16 лицензэд хамаарах талбайн ердөө гурваас нь асар их хэмжээний баялаг илрээд байгаа нь дээрх булхай луйврыг нотлох хамгийн эхний баталгаа мөн. Гуравхан жил өрөмдлөг хийсний үр дүнд Ш.Батхүү дээрх гурван талбайн нэгнээс нь 7 сая тонны нөөцтэй жоншны, нөгөө талбайгаас нь 5 сая тонны нөөцтэй шохойн чулууны, харин гурав дахь талбайгаас нь 4.8 тонн алтны нөөц илрүүлжээ.
Ингэхээр “Олон овоот”-ын 16 лицензтэй талбайнхаа дөнгөж гурваас нь ийм хэмжээний баялаг илрүүлээд байгаа “Жаст”-ын Ш.Батхүү “хоёр чих”-нээсээ гадна асар их баялаг дээр сандайлж суугаа нэгэн болж таарч байна. Ийм л луйварчид улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон уул уурхайн асар их баялагтай орд газруудыг улстөр, бизнесийн бүлэглэлүүдтэй үгсэн хуйвалдах замаар хуваан авч, ард түмний өмчийг хулгайлан завшдаг улаан цайм дээрэм, тонуул өнөөдөр монголд галзуурч байна.
Улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн ард найдвартай зогсож, асар их баялагтай уул уурхайн орд газруудын нөөцийг хуурамчаар тогтоох, газрын гүнд оршсоор байгаа үнэт металиудын нөөцийг дууссан гэж хуурамч дүгнэлт үйлдэж байгаа эрх бүхий байгууллага нь Монгол Улсын хэмжээнд Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл гэдэг цорын ганц монополь эрхтэй байгууллага болоод байна.
Социализмын үеэс эхтэй энэ байгууллага өнөөдөр ч хувийн хэвшлийнхний хийсэн геологи хайгуулын ажлыг хүлээн авч баталгаажуулан тэдний өмнөөс хуулийн хариуцлага хүлээх үүрэг хүлээсээр байгаа нь авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг үүсэх үндсэн шалтгаан болсоор байгаа юм. Үүний хамгийн тодорхой баримт нь Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн удирдлагууд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 18 ордын лицензийг хууль бусаар хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгуулж байсныг дурдахад л хангалттай.
Австралийн эрдэмтэд монголын хаагдсан уурхайнуудад судалгаа хийхэд ердөө 25 хувь нь л нөөцөө ашиглаж дууссан байсан бөгөөд, ихэнх нь өөр ямар нэгэн шалтгаанаар хаагдсан нь тогтоогджээ. Тэгэхээр өнөөдрийн уурхайн хаалт гэдэг бол хөдөлгөөнгүй зүйл биш бөгөөд тодорхой нөхцөл буюу хулгайлан ухаж авч болох боломж бүрдсэний дараагаар үлдсэн 75 хувьд нь дахин олборлолт явуулдаг практик тогтжээ.
Социализмын үеэс эхтэй улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил хийж нөөц нь тогтоогдсон уул уурхайн асар их баялагтай орд газруудын нөөцийг дууссан, эсвэл ямар ч баялаггүй “хоосон” талбай хэмээн цохолт хийж, улсад хэдэн зуун тэрбумын хохирол учруулах гэмт хэргийг хамгийн сайн хэрэгжүүлсэн эрхэм бол Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн орлогч дарга асан М.Ариунбаяр хэмээх нөхөр юм. Тэрээр 2000-2008 онд Монгол-Оросын төрийн өмчит “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий геологичоор ажиллаж байхдаа ашиглалтын лицензийн наймааг ёстой л “баруун, солгойгүй” хийсэн гэх юм билээ.
Улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон асар их баялагтай ордуудыг “хоосон” гэж тодорхойлолт гарган цааш нь асар их үнээр зардаг мөртлөө өчүүхэн нөөцтэй ордыг “Монголросцветмет” нэгдэлд ашиглалтын лицензээр “шахдаг” байж. Түүний үйлдсэн олон гэмт үйлдлээс хууль хяналтынханд ил болсон гуравхан хэргийг дэлгэе.
Баримт 1.
“Монголросцветмет нэгдэл” ХК Дорноговь аймгийн Айраг сумын нутаг “Дай-Уул” жоншны орд газарт нийт 190 га талбайг эзэмшдэг байж. Гэтэл М.Ариунбаяр энэ талбайг 2001 оны дөрөвдүгээр сарын 21-нд ашиглалтын лицензтэй талбай болгохдоо 190 га талбайг 59 га болгон бууруулж, уг 59 га талбайг “Монголросцветмет нэгдэл” ХК-д авсан байна. Үлдсэн хэсэг талбай буюу хамгийн их нөөц тогтоогдсон талбайг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тайшиншин Юан” компанид худалдсан бусармаг “түүх”-ийн бодит баримт устаж арилсангүй.
Баримт 2.
Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Баргилт гэх газарт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайгаас хамгийн их нөөцтэйг нь мөн л төрсөн ах М.Ариунболдын эхнэр Т.Мөнхцэцэгийн “Голдензүен интернэшнл” компанийн нэр дээр хайгуулын лицензтэй талбай болгосон байна. Үүнийхээ дараа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тунсинь” компанид бэлэглэлийн гэрээгээр уг талбайг шилжүүлжээ. Өнгөн дээрээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн мэт харагдахаар баримт бичиг бүрдүүлсэн ч асар их мөнгө авсныг нь мэдэх гэрч үлдсэн нь яамай. Тэрхүү талбайн ашигт малтмалыг “Тунсинь” компани ухаж, олборлоод зогсохгүй “Монголросцветмет нэгдэл” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай руу ч орчихжээ. Харалган төрийн хараагүй бодлого гэдэг л энэ байх.
Гадны хөрөнгө оруулалттай хувийн компани Монгол төрийн өмчит талбайгаас олборлолт хийж буй энэ хэрэг явдлыг Улсын мөрдөн байцаах газар, Хэнтий аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад тодорхойгүй шалтгаанаар иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Иймэрхүү асуудлыг өлхөн шийдвэрлэх хөрөнгө мөнгийг М.Ариунбаяр өчнөөн л хураагаа байлгүй дээ, бодвол…
Баримт 3.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Өндөрцагаан гэдэг газарт улсын төсвийн болон төрийн өмчит “Монголросцветмет нэгдэл” ХК-ийн хөрөнгөөр буюу 427 сая төгрөгийн өртгөөр 13 мянга орчим га талбайд хайгуул хийжээ. Хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон талбайн хамгийн их нөөц тогтоогдсон 249 га талбайг М.Ариунбаяр эхлээд өөрийнхөө нэр дээр хайгуулын лицензтэй талбай болгож аваад, дараа нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Кю Жи Экс Монгол” ХХК-д 300 сая төгрөгөөр зарсан баримт бий. Дээрх баримтууд дээр үндэслэн М.Ариунбаярт холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгажээ. Гэвч Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан үндэслэлээр хаасан сурагтай.
Хаана, ямар хүний үзэгний үзүүрээр ийм их хэмжээний мөнгөтэй холбоотой эл хэрэг хаагдсан нь удахгүй тодорхой болно гэж найдах л үлдэж байна. Нөөц ихтэй томоохон ордыг хаана гэдэг нь урт хугацаа шаардах ажил. Тэгэхээр уурхайг хаатал юу хийлгэх вэ гэдгээ бид тодорхой болгох ёстой.
Одоо ашиглагдаж байгаа гүний уурхайнуудыг эргээд нөхөн сэргээх нь эдийн засгийн хувьд маш хүнд учраас эхнээс нь төлөвлөгөөтэй хөдлөхгүй бол 30-40 жилийн дараа буух эзэнгүй, буцах хаяггүй баахан хоосон нүх, чулуун овоотой сууж байх нь тодорхой.
Хажуугаар нь улсын асар үнэтэй уул уурхайн баялагт хууль бусаар эзэн суухаар санаархагчдад төрийн төмөр нударгыг хатуухан үзүүлж, даварсан үйлдэл бүрийг нь тас цохиж байх нь шударга ёсонд нийцнэ.