Их Британи, Герман, Австри болон Францад орж буй аадар борооны улмаас 10 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Германы Бавари муж үерт автаж, 40 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Үерийн улмаас Бавари муж хамгийн багадаа 100 сая ам.долларын хохирол амссан гэнэ. Тус мужийн аврах алба “78, 56, 28 настай хүмүүс үерийн улмаас амиа алдсан” гэж мэдээлжээ.
Харин Францын нийслэл Парис хотноо үер буусны улмаас захын хорооллын өрхүүд цахилгаангүй болсон байна. Францад болсон үерээр гурван хүн амиа алджээ.
Австри улсад үерийн усны хэмжээ нэг метр давсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Их Британийн төвийн хэсгээр усархаг бороо орж буйтай холбогдуулан галт тэрэгний хөдөлгөөний түр зогсоох шийдвэрийг эрх баригчид гаргасан байна.
Британийн аврах албаныхан үерийн улмаас шугам сүлжээ тасалдаад буй бүс нутгийн оршин суугчдад нисдэг тэргэний тусламжтай ундны ус тараажээ. АНУ-ын Цаг уурын хүрээлэн “Европын орнуудад энэ сарын 11-ныг хүртэл их хэмжээний аадар бороо орно” хэмээн сануулсан байна.
shuud.mn