Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулаад Улаанбаатар хотын цагдаагийн ахмадын хорооны дарга, хурандаа С.Отгонбаатартай ярилцлаа.
-Цагдаагийн ажлыг нэгжээс эхлэн хийж байсан хүний хувьд, цагдаагийн амьдралын хамгийн сайн ярих байх гэж бодож байна. Та хэдэн онд цагдаагийн байгууллагад хөл тавьж байсан бэ?
– Би чинь Архангай аймгийн Их тамир суманд зоотехникч хийж байсан хүн. Тэгээд 1980 онд цэргийн алба хаахаар болов. Тэр үед Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар цэргийн анги гэж байгуулагдаж байлаа. Тэр ангид цэргийн алба хаахаар татагдан очлоо. Цэргийн ангид алба хааж байна гэж бодож байтал ард иргэдийн дунд эргүүл хийх, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд оролцох ийм давхар үүрэгтэй болчихов. Удалгүй намайг шинэ цэрэг дотроос бага дарга болгож, нэг тасаг хариуцууллаа. Ингээд жил гаруй хугацаанд алба хааж байтал хөдөө орон нутагт хэсгийн төлөөлөгчийн орон тоо цөөн байсан уу, яасан манай ангийн захирагч хурандаа Мөнхдалай гэж хүн тусгай, дунд боловсролоос дээш боловсролтой цэргүүдийг Цагдаагийн байгууллагад шилж сонгон ажиллуулах шийдвэр гаргаж билээ. Тэгээд би 1981 оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Цээл сумын Залуучуудын сангийн аж ахуйн хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллах боломж олдсон юм. Зоо техникч хийж байсан хүн цэрэгт яваад цагдаагийн сэргийлэгч болсон түүх энэ дээ. Энэ ажилд томилогдоод их баярлаж байлаа. Угаас миний багын мөрөөдөл сэргийлэгч болох байв. Цагдаагийн байгууллагын ажлын амтыг цэргээсээ болон хэсгийн төлөөлөгчийн ажлаас ийнхүү мэдэрч эхэлсэн дээ.
-Тэгээд та хэрхэн хуулийн мэргэжил эзэмшсэн юм бэ?
-Цагдаагийн сэргийлэгчээр нэлээд хэдэн жил Төв аймагт ажиллалаа. 1987 онд ЗХУ-ын Москва хот дахь Дотоод явдлын яамны дээд сургуульд намайг явуулах талаар яриа гардаг юм байна. Мэдээж надад хуульзүйн сургуульд сурч мэдлэг боловсрол эзэмших хүсэл тун их байлаа. Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Дорж гэж хурандаа хүн байсан. Энэ хүн намайг дэмжиж “Ер нь чи хойшоо сургуульд яваад ир. Хуулийн боловсролтой бол” гээд явуулсан юм. Амьдралын маань том сургууль болсон доо. Хойно таван жил сурахдаа би их юм сурсан. Ингээд төгсч ирээд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас намайг Багануурын цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр томиллоо. Тэнд дөрвөн жил ажиллахдаа гурван жил дараалан Цагдаагийн ерөнхий газрын хөдөлмөрийн аварга, эдийн засгийн төлөөлөгчөөр шалгарсан юм. Хийсэн ажлыг нь үнэлж байна гэж их урам авч зүтгээд байв. Багануурт очсон тэр жил чинь 1992 он байсан. Оросууд буцсан, өмч задарсан ийм үед надад хийх ажил тун их.
-Та Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Тэр үед орон нутагт ноцтой гэмт хэрэг зөрчил гарч байв уу?
-1996 онд Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдоод дөрвөн жил ажилласан. Тэр үед нэг ноцтой хэрэг гарч байсан юм. 1997 оны арваннэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотоос настай эмэгтэй Чулуут суманд очихоор автобусанд суугаад аймгийн төв дээр буусан байдаг. Аймгийн төвд буугаад ор сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь алга болсон хүнийхээ тухай мэдээллийг сарын дараа цагдаад мэдэгдсэн. Хэргийг шалгахад яах аргагүй арваннэгдүгээр сарын 3-нд настай эмэгтэй аймгийн төвд буусан байдаг. Хаачсан нь мэдэгддэггүй. Тэгээд энэ өдөр ямар зөрчил, сэжигтэй зүйл юу гарсан бэ гээд эргээд бүх юмаа асууж лавлахад, тэр өдөр 69 машинтай нэг хүнийг манай замын цагдаа зогсоогоод шалгасан байдаг. Гэтэл жолооч нь үнэмлэх, бүх бичиг баримтаа хаячихаад зугтаачихсан байгаа юм. Энэ хүн сэжигтэй байна гээд эрэн сурвалжиллаа. Орон даяар эрэл болсон. Баянхонгор аймагт нэг сэжигтэй хүн байна гэсэн мэдээлэл ирж, Алтангэрэл гэдэг хүнийг баривчилж авчирлаа. Тэр хүнийг сар гаруй хугацаанд байцаагаад эхлээд юм хэлэхгүй байснаа сүүлдээ өөрөө цогцсыг хаана байгааг хэлсэн. Архангайн Хотонт сумын нутаг Хархорин хоёрын зааг, модон дотроос олсон юм. Боолгож нас барсан эмэгтэй хүний цогцос байсан. Алтангэрэл гэх гэмт этгээд нь хорих байгууллагаас оргоод Баянхонгор аймагт орогнож байсан юм билээ. Ингэхдээ Улаанбаатар хотоос шинэ 69 машин хулгай хийгээд тэр машинаараа говийн аймгуудаар хүн тээвэрлэж байсан байдаг. Миний үеийн хүмүүс дуулсан байдаг даа. Садист Алтангэрэл гэж алдаршсан гэмт этгээд байсан юм. Сүүлд манай хоёр сэргийлэгчийг Чулуут голын гарман дээр буудаж гэмтэл учруулсан хүн. Бас өмнө нь олон эмэгтэйг боомилж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байдаг. Ноцтой хэрэг гэвэл энэ хэргийг маш сайн санадаг юм. Архангай аймагт гэмт хэргийн нөхцөл байдал ер нь тайвандуу байсан даа. Модны хулгай ихсэх хандлагатай байсан байх, миний үед.
-Тэр үед ууланд оргодол, хоригдол бүгсэн тухай иргэд ам дамжин ярьдаг байж билээ. Хулгайч нар ихэнхдээ ууланд бүгж зугтаадаг байсан юм уу даа?
-Тэр үеийн малын хулгайч нар ер нь ууланд их бүгдэг байсан. Ууланд өдөр нь өнждөг морио уядаг. Тийм хулгайч тэнд байна, гэр орноо цоожлоорой, сэрэмжтэй байгаарай гээд мэдээлэл өгдөг байсан. Ноцтой хэрэг бага гардаг байсан учраас ганц нэг хэрэг гарахаар сонин содон сонсогдож хүмүүсийн сэтгэмжид нөлөөлдөг байсан байх. Тэр үед нэг хүнийг хутгалсан гэдэг мэдээ аймаар санагддаг байлаа шүү дээ. Одоо бол нэг хүн хутгалсан, үхээгүй байх юм бол сонин биш. Тэдэн удаа хутгалж алжээ гэсэн ч сонин биш, байдаг л хэрэг мэтээр хүлээж авдаг болсон байна даа.
– Та Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Энэ үед 2008 оны долдугаар сарын 1-нд нийтийг хамарсан эмх замбараагүй үймээн гарсан шүү дээ?
-Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байх үед 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн гарсан. Монголын цагдаа өмнө нь тохиолдож байгаагүй хүнд үетэй учирсан. Яагаад гэвэл, 365 цагдаа хүнд хөнгөн байдлаар бэртсэн. Бэртлийнхээ улмаас дараа нь гурван албан хаагч амиа алдсан. Хууль зүйн яамны эмнэлэг тухайн үед хөл гишгэх зайгүй болтлоо дүүрч, бусад эмнэлгүүдэд хүмүүсээ хэвтүүлж байлаа. Монголын цагдаа өмнө нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдалтай нүүр тулж байсангүй л дээ. Жагсаал цуглаан болдог байсан уу гэвэл байсан. Ордныг гурав тойрно буюу гороолно гэж ярьдаг байсан даа. Тэгээд л тарна. Тэрнээс биш өмнө нь тийм айхтар зүйл болж байсангүй учраас туршлага дутсан нь үнэн. Үймээний үеэр цагдаагийн алба хаагчдад зэвсэг, техник хэрэгсэл байхгүй байсан шүү дээ. Станц хүрэлцээгүй, цахилгаан бороохой, гав, нулимс асгаруулагч, хийн буу гээд тусгай хэрэгслээр хангачихсан байсан бол өөр байх байсан даа гэж боддог. Яг үймээний үеэр үнэндээ цагдаагийн удирдлага хяналтаа алдсан. Намын байрны урд олон хүн цугласан байхад тэднийг давж ярих хүчин чадалтай ганц ч чанга яригч байгаагүй. Алба хаагчидтай холбогдож чадахгүй, утас шүрмэс байхгүй. Ийм л зүйл болсон. Тэгэхэд бусад орны цагдаагийн байгууллагын туршлагыг харахад 5 -10 км-т сонсогдох чанга яригчтай байдаг юм байна. Түүгээрээ урьдчилан сэргийлэх юмаа хэлдэг анхааруулдаг дараа нь тусгай юмаа хэрэглэх ийм арга руу ордог. Гэхдээ одоо нэг үеэ бодвол манай алба хаагчид тусгай хэрэгслээр бүрэн хангагдчихаж. Нисдэг камер хүртэл ашиглаж байна. Энэ бол дэвшил юм. Алба хаагчид байнга сургуулилт хийдэг болсон. Одоо магадагүй тийм үймээн гарлаа гэхэд алба хаагчид бэлтгэл хангагдсан гэж боддог.
-Цагдаагийн ахмадын хорооны даргаар ажиллаж байгаа. Ахмадууд ойгоо угтаад ямар ажлыг хийж байна?
-Ойн хүрээнд олон ажлыг төлөвлөн хийж байна. Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага, дүүргүүдтэйгээ хамтраад том том ажлыг төлөвлөж ажиллаж байна. Ахмадуудын хувьд залуучуудтайгаа эргэх холбоогоо сайжруулах, бие биендээ харамгүй туслалцаа үзүүлэх ялангуяа иргэдийн хурлын сонгууль, УИХ-ын сонгууль, наадам, АСЕМ, цагдаагийн ой гээд энэ жил олон баяр, чухал үйл явдал давхцаж байна. Энэ үйл ажиллагаанд ахмад цагдаа нар биеэрээ оролцлоо. Эргүүлд гарахаас эхлээд олон санаа санаачилга гарган ажиллаж байна. Манай цагдаагийн байгуулага ахмадуудаа их харж үздэг. Жилд 1-2 удаа хүлээгээд авчихдаг. Ахмадуудаа янз бүрийн үйл ажиллагаанд явуулж байгаа. Их өндөр сэтгэгдэлтэй байдаг даа, бид.
Э.Ариунсанаа
dnn.mn