Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев авлигын хэрэгт сэжиглэгдсэн төрийн албан хаагч, түшмэдийн үр хүүхдүүдийг төрийн албанд ажилд авахгүй байхыг санал болгожээ.
“Авлигачдад оноох шийтгэлийг улам хатуу чанд болгохын тулд авлигач түшмэлийн удмын хоёр үеийнхнийг төрийн албанд ажиллуулахгүй байх нь зүйтэй. Түүнийг өөрийг нь, бас түүний үр хүүхдүүдийг нь, хүүхдүүдийнх нь хүүхдүүдийг төрийн албанд ойртуулахгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй” гэж Ю.Трутнев
Владивосток хотод сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Сүүлийн үед Алс Дорнодын бүс нутагт авлигын дуулиант хэргүүд удаа дараалан гарах болсонтой холбогдуулан сэтгүүлчид энэ талаар бүрэн эрхт төлөөлөгчөөс асууж тодруулсан байна. Зөвхөн сүүлийн хэдхэн сарын хугацаанд гэхэд, Приморийн хязгаарын хэд хэдэн өндөр албан тушаалтан хээл хахуулийн хэрэгт холбогдсоны дотор Владивосток хотын дарга Игорь Пушкарев, Приморийн хязгаарын захирагчийн орлогч байсан Олег Ежов нарыг баривчилжээ.