Нигерийн арми тус улсын хойд хэсэгт хяналтаа тогтоогоод буй лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааныхаа хүрээнд дэд толгойлогч Момоду Бамаг хөнөөжээ Нигерийн армийн мэдээлснээр “Абу Саад” гэх хочит “Боко Харам”-ын дэд толойлогч Момоду Бамаг энэ сарын эхээр Борно мужид явуулсан цэргийн ажиллагааны үеэр хөнөөсөн ч түүнийг мөн гэдгийг саяхан баталгаажуулсан гэнэ.
Цэргийн ажиллагааны үеэр Момоду Бамагаас гадна “Боко Харам” бүлэглэлийн 17 дайчин амь үрэгдсэний дунд түүний эцэг Абатча Флатари байжээ. Түүнчлэн энэ үеэр өөр 24 зэвсэгт дайчныг баривчилсан байна.
“Боко Харам”-ын дэд толгойлогч Момоду Бама нь зенитийн их бууг ашиглах тал дээр мэргэшсэн нэгэн ба Нигерийн албаныхан түүний толгойг 155 мянган ам.доллараар үнэлээд байсан аж.
Үүний зэрэгцээ Нигерийн дотоод хэргийн сайд Абба Моро “Боко Харам”-ийн дайчид өнгөрсөн ням гаригт сүмд халдлага үйлдэж, 44 хүний амийг хохироосон хэргийг үл харгалзан лалын зэвсэгт дайчдын эсрэг явуулж буй цэрэг, армийн ажиллагаа ахицтай байгаа гэж мэдэгдсэн байна.
Ugluu.mn