Н.Лүндэндорж: Иргэдийнхээ итгэлийг хамгаалах нь шүүхийн цаашдын зорилт

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж иргэдтэй уулзах зар тарснаас үүдэж Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын “Сэлэнгийн долгио” чуулгын зааланд багтахааргүй олон хүн цуглажээ. Уулзалт эхлэхэд чуулгын суудал дүүрч, амжиж ороогүй хүмүүс гадна үлдэж харагдав. Шүүхийн шинэтгэлийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.

1479348010_id4379-1620-692a02837ac4a5c5122f792608896ddb-1479345422873

Шүүх эрх мэдэл ард түмний хяналтад тулгуурлаж, итгэл дээр тогтдог

    Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглал тэнцвэртэй, бие биедээ хяналт тавьж байвал тухайн улсад хүний эрх, эрх чөлөө хангагдаж, ардчилал биелэлээ олдог. Харин дээрх гурван засаглалын тэнцвэр өчүүхэн төдий алдагдахад золиос нь ард түмэн болдог. Хууль тогтоох (УИХ), гүйцэтгэх (Засгийн газар) эрх мэдэл нь ард түмний дэмжлэгт тулгуурладаг, өөртөө асар их баялагтай. Харин шүүх эрх мэдэл эсрэгээрээ. Шүүх эрх мэдэлд өөрийн гэсэн баялаг байхгүй. Шүүгчийн гарт хууль, модон алх хоёроос өөр эд үгүй. Тиймээс шүүх эрх мэдлийг нөгөө хоёр нь ядуу зүдүү байлгаж байгаад эрхшээлдээ оруулчих сонирхолтой байдаг зовлон бий. Ард түмний дэмжлэгт тулгуурладаг учраас хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн нөхдүүд ард түмэнд таалагдах үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Ард түмнээр алга ташуулбал зорилго нь бүтдэг онцлогтой. Харин шүүх иргэдэд амлалт өгдөггүй. Ерөөсөө л шударга ёсны үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс шүүх эрх мэдэл ард түмний дэмжлэг биш хяналтад тулгуурладаг. Хяналт тавьсны үндсэн дээрх итгэл дээр шүүх эрх мэдэл тогтдог. Тиймээс шүүхийг дэмжье, сайн ажиллуулъя гэвэл хяналтаа сайн тавьж байгаарай гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга сэлэнгийнхэнд захисан юм.

 Н.Лүндэндорж: Иргэдийнхээ итгэлийг хамгаалах нь шүүхийн цаашдын зорилт

Шүүх танд хамаатай юу?

    Шүүхийн хаалга татах нь тийм ч таатай санагддаггүй, тэндээс л хол явах юмсан гэдэг үе байлаа. Шүүх жирийн иргэнд хүртээлтэй юү. Эсвэл тэнд ажилладаг, хүмүүсийн ярьдгаар шүүхийн хаалга татсан нөхдүүдийн асуудал уу. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хариулт өгсөн юм.

Иргэн таны ууж байгаа сүү, авч байгаа цалин, хүүхдийн тань сургалтын төлбөр гээд бүх зүйл шүүхтэй холбоотой гэвэл хэтийдсэн санагдаж магадгүй. Улс орны хөгжлийн үндэс нь газар доор, дээрх болон үндэсний бүтээж байгаа баялаг байдаг. Шударга шүүхгүй улс оронд тэрхүү баялаг ард түмэнд наалддаггүй. Монголын биш Лондонгийн шүүхээр маргаанаа шийдүүлнэ гэдэг байсан үе саяхан. Манай шүүхийг хараат, ядуу, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг гэдэг шалтгаанаар хөрөнгө оруулагчид маргаанаа гадны шүүхээр шийдүүлнэ гэдэг байлаа. Том гэрээтэй холбоотой маргаан Монголд биш гадны шүүхэд шийдэгддэг. Тэндээ очоод манайхан ялагдал хүлээдэг байлаа. Шударга шүүхгүй улсад ийм л байдаг. Шударга шүүхгүй оронд улс орны тусгаар тогтнол хэн нэг хариуцлаггүй шүүгчийн гарын үсгээр ганхах магадлалтай.

Шүүхийн шударга, шударга бус байхаас хамаарч авлигын индекс буурч, өсч байдаг. Шударга шүүхгүй улсад эрх мэдэлтэй дарга, хөрөнгө чинээтэй нөхдүүд хамгийн их эрх мэдэлтэй байж задарч, сагаж байдаг нь нууц биш. Шударга ёсгүй улсад эд хөрөнгө, амь амьдрал баталгаагүй. Манайд хүний байрыг түрээслэе гэж ороод эзэн сууж, бүр булааж авсан тохиолдол бишгүй л гарч байв. Арав гаруй жилийн өмнө Оросын эрдэмтэн “Танай улсын шүүх мухлагийн эзэнд ч хуруугаа хүргэж чаддаггүй” гэж шоолж байсан гэдэг.

Энэ бүхнээс дүгнэхэд шүүх, шүүхийн шударга байх эсэх нь хэдхэн хүний асуудал биш хүн бүрийн амь, амьдралын асуудал ажээ.

Хүн бүрт хамаатай шүүхийг шинэтгэх шаардлага юу байв?

     Шүүх эрх мэдэл хүн бүрт хамаатай юм байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэл (реформ) иргэн танд ямар нөлөө үзүүлж байна вэ. Ер нь шүүхийг шинэтгэх шаардлага юу байв гэдэг асуудал бас гарна.

Дэлхий нийтэд буугүй хувьсгал гэгддэг реформ хийх үндсэн шалтгаан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл байлаа. Зуун хүний 80 нь шүүхэд итгэхгүй гэж хариулж байсан нь Монголын шүүхэд реформ зайлшгүй шаардлагатай болсны илрэл байв. АНУ-ын Аризона мужийн эрдэмтэн “Монголын шүүх голдоо хүртэл ялзарсан уу” гэдэг судалгааны тайлан хийчихээд явж байсан нь үүний баталгаа. Шүүх тэгтлээ дордсон нь тэнцүү байх ёстой гүйцэтгэх, хууль тогтоох хоёр эрх мэдэл нь бөөрөлхөж, өөртөө хамааралтай болгосонтой холбоотой. Шүүх эрх мэдэлд тэмцэх чадвар байсангүй. Тэнцүү байх ёстой хоёр эрх мэдлийн байгууллагаа царайчилдаг, тухайн нутаг дээрх хөрөнгөтэй нөхдүүдэд бадар барьдаг байв. Монголын шүүхийн тогтолцоо дээрээсээ доошоо босоо байв. Дээд шатны шүүгч дундахдаа, дундах нь доод шатны шүүгчдээ үүрэг өгдөг байсан нь нууц биш. Ерөнхий шүүгч захиргааны эрх өгчихсөн учраас доод шатны шүүгчид хамааралтай болчихсон байлаа. Шүүх иргэний эрх чөлөө, амь амьдрал, улс орны тусгаар тогтнолыг хамгаалдаг учраас дэлхий дахин шүүхээ баян, шүүгчдээ хамгийн өндөр цалин өгдөг. Гэтэл шинэтгэл эхлэхээс өмнө Монголын шүүх дэндүү ядуу байв. Ийм нөхцөлд хараат бус, шударга шүүх ярих утгагүй. Шүүгчид нөлөөлсөн нөхдүүдэд хариуцлага тооцдог хууль байсангүй. Хамгийн их авлига авдаг байгууллагыг судлахад эхний гуравт шүүх жагсдаг байсан нь шүүх эрх мэдлийг ганхуулсан. Иргэдийн итгэлийг алдсан. Иргэдийн итгэл алдагдсан цагт шүүх шударга байх тухай ярих утгагүй. Тиймээс шүүхийн реформ эхэлсэн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тайлбарласан.

Шүүхэд юу өөрчлөгдөв?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шинэтгэл шүүхэд ямар өөрчлөлт авчирсан бэ.

Загасчны морь усгүй гэдэг шиг хуульчид ажилладаг шүүх тунхагийн шинжтэй ганц хуультай байлаа. Шинэтгэлийн хүрээнд шүүхийн таван хууль батлагдсан. Шүүхийн багц хууль шүүх эрх мэдэлд хамааралтай харилцааг цогцоор нь шийдвэрлэж өгсөн юм. Олон улсын хараат бус шинжээчид “Монголын шүүхийн хууль тогтоомж дэлхийн стандартад бараг нийцжээ” гэж дүгнэсэн нь үүний илрэл юм.

“Нээлттэй” гэж хуульчилсан атлаа хаалттай хаалганы цаана хэргээ шийддэг, шийдсэн хэрэг нь “төрийн нууц” шахуу байсан бол шинэтгэлийн үр дүнд шүүх хаалгаа бүрэн нээсэн. Монголын бүх шүүгчийн шийдвэр нээлттэй, www.shuukh.mn сайтад байршдаг болсон. Дугаар хорооны иргэн шүүхийн шийдвэрийг татаж үзээд, дүн тавьчих боломж бий. Цаашлаад шүүх хуралдааны дүрс бичлэгийг авч үзээд эргэлзээгээ тайлж ч болно.

Нүдний, шүдний эмч гэдэгтэй адил шүүгч хүний хувь заяаг шийдэж байгаа гэдэг утгаараа мэргэшсэн байх шаардлагатай. Монголд наймаас бусад бүх шүүх иргэн, эрүү, захиргааны шүүх гэж дагнаж, шүүгчид мэргэшиж байгаа. Үүний үр шимийг шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд мэдэрч байгаагаа илэрхийлдэг.

Төрийн өндөр албан тушаалтан, дээд шатны шүүхийн шүүгч, ер нь хэн ч шүүгчид нөлөөлөх боломжгүй болсон. Нөлөөлөхийг оролдвол хуулийн хариуцлага хүлээдэг. Шүүгч бүр нөлөөллийн мэдүүлэг бичиж, тэр мэдүүлэг нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалдаг болоод хэвшчихлээ.

Шүүхийн боловсон хүчнийг шинэчилж, шүүгчдийн тоо 60 хувиар нэмсэн төдийгүй шүүгчийн сонгон шалгаруулалт хараат бус болсон нь шинэтгэлийн үр дүн.

Хятад балаар “зэвсэглэсэн” эмээ, өвөөгөөр мануулдаг байсан шүүх Тахарын хамгаалалтад орсон. Гэвч улс төрийн харалган шийдвэрээр Тахарын албыг татан буулгасан билээ. Үүнээс үүдэж шүүх хуралдааны дэг сахиулагч байхгүйтэй адил, харуулын ажилтан эргүүлийн ажил давхар хийдэг, унаа тэрэг байхгүй гээд хойшоо ухарч байгаа. Гэвч Монголын төр алдаагаа засч чадна гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий зөвлөлийн дарга ярьсан.

Шүүгчид Монголд дээгүүрт тооцогддог цалинтай болсон нь шинэтгэлийн үр дүн. Гэхдээ энэ цалин нэхэл хатуутай гэдгийг иргэдийн өмнө шүүгчдэд санууллаа.

Тэмдэгтийн хураамж төлөхөөс эхлээд шүүхээр үйлчлүүлэхэд зардал ихтэй. Харин шүүхэд эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхэлснээс хойш таван хэргийн нэгийг эвлэрүүлэн зуучлагчаар шийддэг болсон. Тэмдэгтийн хураамж төлөхгүйгээс эхлээд эвлэрүүлэн зуучлагчийн тус их.

Арван хүний найм нь шүүхэд итгэдэггүй байсан бол 2015 оны байдлаар шүүхээс үйлчилгээ авсан хүмүүсийн 85 хувь нь шүүхэд итгэж байна гэсэн судалгааны дүн гарсан. Энэ итгэлийг хамгаалах нь шүүхийн цаашдын зорилт. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд хийх ажил гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцоллоо.

“Шүүхээс танил хайх зам мухарджээ”

   Сэлэнгэ аймгийн иргэд шүүхийн шинэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, сонирхсон асуултандаа хариулт авлаа. Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн ахмад настан н.Оюунбилэг “Таньдаг шүүгчээсээ гуйх боломжгүй болжээ. Шүүхээс танил хайх зам мухарджээ” гээд “Цагдаа, прокурор, шүүх хуулийн байгууллага гэдэг утгаараа нэг тогоонд байдаг уу” гэдгийг тодруулж байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга “Цагдаа, прокурор хоёр дэлхийн жишгээр Засгийн газрын байгууллага байдаг. Шүүхийн байгууллага биш. Харин Монголд прокурорыг шүүх эрх мэдлийн хаяанд буулгачихсан, шүүх эрх мэдэлд хамааруулаад байгаа. Яваандаа өөрчлөгдөх байх. Шүүх эрх мэдэл гэж ерөөсөө л шүүх бүрэлдэхүүнийг хэлдэг. Тиймээс цагдаа, прокурор, шүүхийг нэг багц гэж ойлгож болохгүй” гэж тайлбарлалаа. Мөн тэрбээр өмгөөлөгчийн талаарх гомдлоо хаана гаргаж болохыг тодруулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан түүнд зөвлөгөө өглөө.

III багийн иргэн Г.Хасбазар “Шүүхийн шийдвэр биелүүлэх газар шүүх эрх мэдэлтэй хамт байдаг уу” гэж тодрууллаа. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Засгийн газрын байгууллага. Дэлхийн улс орнуудад ял эдлүүлдэг байгууллага нь Засгийн газрын, иргэний шүүхийн шийдвэр биелүүлдэг байгууллага нь шүүх талд байдаг” гэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 413 дугаар ангийн харуул хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайхан “Би Монголын цагдаагийн байгууллагад 24 шахам жил ажилласан. Эндээ ажиллаад нэг жил гаруй болж байна. 2009 онд авлига авсан прокурорын хэргийг шалгасан юм. Тэр хүн шоронгоос гарч ирээд хэргийг илрүүлсэн мөрдөгчдийг хоёр жил гаруй хугацаанд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгасан. Бид эцэст нь шүүхдээ итгэсэн. Монголын гурван шатны шүүх биднийг цагаатгасан. Шүүхийн шинэтгэлийн үр шимийг хүртсэн хүний хувьд шүүхэд ард түмэн итгэж байгааг хэлмээр байна” гэсэн юм. Шүүхэд баярласнаа илэрхийлсэн түүний үгээр сэлэнгийнхний Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нартай хийсэн уулзалт өндөрлөлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөл

 

 

 

Б.Цэцэгдэлгэр

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …