“Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос  өчигдөр  “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох нь” сэдвээр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтарсан хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулав.

Байнгын хорооны гишүүн Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээн үг хэлж, удирдан явууллаа.

Хэлэлцүүлэгт тус Байнгын хорооны гишүүн Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, А.Ундраа, гишүүн М.Оюунчимэг нар оролцсон.

Үдээс өмнөх хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Гадаад харилцааны тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн байр суурь”-ийн талаар танилцуулга хийв. Танилцуулгадаа гадаад харилцааны бодлогын нэгдмэл байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгож, гадаад харилцааны бодлогыг “нэг цонх”-оор харахын тулд хуулийн төсөл боловсруулсан болохыг дурьдав.

Дараа нь МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал О.Баттулга “Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал” судалгааны төслийн талаар танилцуулга хийсэн бол “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын асуудлаарх судалгааны багийн ажлын явцын тухай” судалгааны төслийн багийн ахлагч Ж.Энхсайхан танилцуулсан. Тэрбээр гадаад бодлогыг “нэг цонх”-оор харж, дээд зэргийн үр өгөөжтэй зохицуулах явдал чухал гэдгийг танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн, “Гадаад бодлогын шийдвэр гаргахад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын баримталдаг бодлого” сэдвээр Элчин сайд, судалгааны багийн гишүүн Л.Удвал танилцууллаа.

Үдээс хойших хэлэлцүүлэгт “Шийдвэр гаргах механизмын доголдлоос болж гарч буй хохирол” сэдвээр  МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш Г.Баасанхүү танилцуулсан.

Оролцогчид дээр дурьдсан танилцуулгуудыг сонссоны дараа илтгэгчээс асуулт асууж, үг хэлэн, байр сууриа илэрхийлэв.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Гадаад харилцааны тухай хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан хийж буйг Байнгын хорооны гишүүн Г.Занданшатар хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яам болон бусад яам, агентлагуудаас төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд тус бүртээ гадаад харилцааны бодлогын талаар санал бодол, байр сууриа илэрхийлсэн. Оролцогчдын хэлсэн зарим санал санаачилгыг хуулийн төсөлд тусгахаар болж, бичгээр саналыг нь авахаар тогтлоо.

Хэлэлцүүлгийг хааж Байнгын хорооны гишүүн Д.Цогтбаатар  үг хэлэхдээ “Гадаад харилцааны бодлогыг хүрээг нь тэлэх гээд байгаа юм шиг боловч тодорхой болгож нарийвчлах утгаараа энэ хуулийг батлан гаргах шаардлагатай юм” хэмээн онцолсон.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын гадаад харилцааны бодлого “нэг цонх”-оор явагдахад Гадаад харилцааны тухай хууль чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …