Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ.
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн 1999 онд Хөдөлмөрийн тухай хуулийг батлан гаргасан. Тус хуулиар үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар /14 хоногоос 1 сараар/ цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой хэмээн үзэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгасан дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн манай улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байдаг тул өргөн мэдүүлж буй уг төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгасан байна. Мөн тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.
Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.