“Сумтай” сунгаа

-АН-ын дарга Алунгоо эх болж гэнэ ээ.
-Тэгдэг нь яаж байгаа юм?
-Алунгоо эх таван хүүдээ таван сум багцалж атгуулаад “Энэ таван сум шиг эвтэй яваарай” гэдэг дээ. Гэтэл АН-ын дарга андуураад тавууланд нь таван сум өгөөд тавьчихсан гэх юм. Нэг нэгийгээ харва гэж байгаа юм байх даа…

Монголчууд угаасаа шогийн мэдрэмжтэй ард түмэн шүү дээ. Энэ үг ч гэсэн өнгөрсөн жилүүдэд АН-д бий болсон дотоодын дайн дажныг л сануулсан санаа. Харин таван нэр дэвшигчийн хэн нь хэн рүүгээ ямар сум тавихыг энэ долоо хоногт харж мэднэ. Одоохондоо бие биенээ үгэн зэвээр чичих хэмжээнд явна.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 6-нд АН их хурлаа хийж, намын даргаа нэр дэвшигчдийн дунд сунгаа зохион байгуулж тодруулахаар болсон. Өмнө 2001 онд нэг удаа тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахын тулд сунгаа зохион байгуулж байв. Харин энэ удаа ардчиллын төлөөх таван нам нэгдэж АН-ыг байгуулснаас хойш намын даргаа сунгаагаар тодруулж буй анхны тохиолдол. 1996 онд МҮАН-ын даргыг тодруулахаар нэг удаа сунгаа явуулж байсан гэдэг.

Ажиглагчдын зарим нь “АН-ын дарга хэн байх нь хамаагүй. АН өөрөө ямар байх нь чухал” гэж ярьж байна. Гэвч намын дарга хэн байх нь түүнээс дутуугүй чухал гэдгийг энд хэлэх гэсэн юм. Өнгөрөгч сард болсон АН-ын их хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулахдаа намын даргад нэр дэвшигчдийн дунд сунгаа зохион байгуулж, нийт гишүүдийн саналаар тодруулах тухай заалтыг шинээр оруулсан. Харин одоо өрсөлдөж байгаа таван нэр дэвшигч энэ нам ямар дүрэмтэй, ямар үнэт зүйл, үзэл баримтлалтай, ямар ёс зүй, хариуцлагатай, удирдлага, зохион байгуулалттай нам байх вэ? гэдгийг өөр өөрийнхөөрөө тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өрсөлдөж байгаа юм. Үүнээс цааш АН шинэчлэгдэж өөрчлөгдөх үү, дороо хий эргэх үү, эсвэл бүр дордох уу? гэдэг асуултын хариу энэ сарын 29-нд болох нийт гишүүдийн сонгуулиар шийдэгдэнэ.

Таван нэр дэвшигчдийн талаар хүн бүр л өөр өөрийн бодлыг ярьж байна. АН-ын гишүүдээс гадна МАН-ынхан, нам бусчууд үзэл бодлоо хамгийн идэвхитэй илэрхийлж байна. Гэхдээ энэ бол муу зүйл биш. АН нийгэмд тэр хэмжээний эрэлт хэрэгцээтэй, АН-ын ирээдүй Монголын ирээдүй болчихоод байна аа л гэсэн үг.

Н.АЛТАНХУЯГ

1958 онд төрсөн, физикч мэргэжилтэй. Ардчиллын анхдагчдын нэг. 1990 оноос АН-ын /тухайн үеийн МСДН/ удирдлагад ажилласан. 1996-2000, 2004-2016 онд дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан. АН-ын тав дахь дарга, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд. 2014 оны арваннэгдүгээр сард түүний Засгийн АН-ын гишүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор огцорч, АН-ын даргын албан тушаалаа УИХ-ын дарга З.Энхболдод шилжүүлсэн. Н.Алтанхуяг АН-ыг удирдаж байхад АН түүхэндээ анх удаа хамгийн олон суудал авч /1996-2000 онд МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ээс хойш / МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулсан ч хоёр жил гурван сарын дараа УИХ дахь АН-ын гишүүдийн оролцоотойгоор Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Тэр Ерөнхий сайдаас огцрохдоо УИХ-ын чуулганы индэр дээрээс одоогийн Ерөнхийлөгчид хандаж “Төрийн албыг найз нөхөд, гэр бүлээр нь барьцааллаа” гэж хэлээд буусан. Хачирхалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахаар “давхар дээл”-тэй тэмцсэн АН-ын гишүүд бараг бүгд дараачийн Засгийн газарт сайдын суудлаар шагнуулсан билээ.

Өнгөрсөн хавар буюу 2016 оны дөрөвдүгээр сард Н.Алтанхуяг төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, “Монголын улс төрд нүүрлээд буй шударга бусын хаан нь “Шударга байцгаая” гэж хэлсэн Ц.Элбэгдорж өөрөө” гэж мэдэгдсэн. Үүнээс хойш долоон сарын дараа буюу өнгөрөгч арваннэгдүгээр Ерөнхийлөгийн сонгуульд өрсөлдөхөө зарласан. Харин сар хүрэхгүй хугацааны дараа бодлоо өөрчилж, АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн шалтгааныг ажиглагчид мөн л АТГ-т шалгагдаж буй хэрэгтэй нь холбон тайлбарлаж байна. Сурталчилгааных нь уриа “Нам дамнасан гэмт бүлэглэлтэй тэмцэх”… Ерөнхийдөө Ц.Элбэгдоржтойгоо л дайтсаар яваа..

Ж.БАТЗАНДАН

1974 онд төрсөн, эрх зүйч мэргэжилтэй. Их засаг их сургуулийн багш, Иргэний хөдөлгөөний намын даргаар ажиллаж байгаад 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэргийн дараа АН-д гишүүнээр элссэн. Тэр үеийн МАХН Ж.Батзандан, О.Магнай нарт “төрийн эсрэг гэмт хэрэг” гэдэг зүйл ангиар ял төлөвлөөд байсан билээ. 2012оны УИХ-ын сонгуулиас хойш хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад оройлон оролцсон АН-ын гишүүдийн нэг. Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхийн урьд шөнө Ж.Батзандан МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзсан байдаг. Ганцхан болзол тавьсан гэдэг юм. Ахыгаа Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилуулах… Тохироо хийгдэж, Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон, Ж.Батзандангийн ах төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон, 2016 оны сонгуулийн дараа ч сандал суудлаасаа хөдлөөгүй. “Ахыгаа төрийн нарийн болгохын тулд засгаа огцруулж чадсан хүн намын дарга болчихвол АН-ыг тэр чигээр нь зараад идчих байлгүй” гэдэг үг ийм учиртай. АН-ын байгуулсан Засгийн газруудаас л урт настай тохироо хийсэн хүн дээ. Тэгсэн хэрнээ “МАНАН-гаас л салья” гээд яваа. АН-аас бол дуртай үедээ салж магадгүй, харин МАН-аас лав салахгүй ээ…

Л.ГАНТӨМӨР

1973 онд төрсөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй. Японд боловсрол эзэмшсэн. АН-ын 1992 оны гишүүн. 2004-2012 онд Сүхбаатар дүүргээс гурван удаа УИХ-д нэр дэвшиж сонгогдсон. 2012-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажилласан. Анх улс төрд орохдоо МҮДН фракцад явж байгаад 2008 оны сонгуулийн дараа М.Батчимэг, Х.Тэмүүжин нартай хамт АН-ын залуучуудын “Нэг Ардчилал” клубыг байгуулж, 2012 оны сонгуулийн өмнө намаа дэмжин “Иргэнд сууриалсан хөгжлийн яриа” нэртэй хэлэлцүүлгийг бүх аймгуудад зохион байгуулж байв. Тэр үеэс “АН-ын дараачийн дарга, Ерөнхий сайд нь Л.Гантөмөр юм байна” гэдэг мэдрэмж залуучуудын дунд суусан ч “хүрд эргүүлэх” боломж одоо л түүнд ирж буй нь энэ. 2016 оны сонгуульд АН ялагдсаны дараа намын даргад нэр дэвшигчдээс анхлан намын шинэчлэлийн аяныг эхлүүлж, “Нэг Ардчилал” фракцийг татан буулгаснаа зарласан. АН доторх фракцийн засаглалыг халж, улс төрийн фракци бүлэг гэдгийг эрх мэдэл хуваахад биш, бодлогын түвшинд гаргаж, албан ёсны зохион байгуулалтад оруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байна лээ. Эдийн засгийн бодлогоо нэг хэсэг нь чирж явдаг нэг хэсэг, хууль, эрх зүйн шинэчлэлээ нэг хэсэг нь түрдэг, нийгмийн бодлого, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар нэг хэсэг нь мэтгэлцдэг албан ёсны лобби бүлгийг бол хүлээн зөвшөөрнө өө гэж. Товчхондоо “АН хүч нь гишүүддээ байдаг нам шүү. Дарга нар асуудлыг шийдэхгүй шүү” л гэж яриад яваа ч энэ яриа нь бусад нэр дэвшигчдийн “гал маналзуулсан” дайчин үгтэй нь харьцуулахад арай “жол” сонсогдож байж магадгүй л юм. Манайхан чинь бэлэн зэлэн, хурдан хуумгай юманд л жаахан дуртай талдаа.

С.ЭРДЭНЭ

1981 онд нийслэлийн 75-р сургуулийг төгссөн. 1984 Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Отгонтэнгэр их сургууль төгссөн. Эрх зүйч, өмгөөлөгч мэргэжилтэй. Улс төрийн карьераа 1990 онд Багануур дүүргийн АН-ын даргаас эхэлсэн. Баянгол дүүргийн Засаг дарга, НДЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2009 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан, одоо УИХ дахь АН-ын бүлгийн дарга. Намын гишүүдтэйгээ уулзахдаа ярьсан зүйл нь “АН-ыг байртай болгоно. 2020 онд ажилтай, орлоготой болъё гэж байгаа нь одооноос надтай нэгд. Сонгуулийн дараа гэнэт гарч ирээд сандал ширээ гуйна гэвэл саналтгүй шүү” гэсэн байна лээ. Ерөнхийддөө партизан зангаараа, тэр арга барилаараа л үзээд байна. Дэлхий хашаа эргэж байгаа энэ тэр бол энэ хүнд бараг падлийгүй ээ… Баянголчуудыг жил болгон хувийнхаа амралтанд аваачиж амраадаг, түүнийг нь тойргийнхон нь бараг бурхны хишиг шиг санах болсон. Өөрөө бол түүгээрээ дамжуулж нийгмийн даатгалаас мөнгө цохиод “чоно цатгалан, хонь бүрэн” явдаг хүн дээ.

Д.ЭРДЭНЭБАТ

1959 онд төрсөн, Эрхүү хотын ПТДС-ийг төгссөн, инженер, механикийн мэргэжилтэй. “Ноён” группийн ерөнхий захирал, Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 оноос хойш хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2012-2014 онд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, 2014-2016 онд Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажилласан. Нэр дэвшигчдээс хамгийн ойлгомжгүй яваа нь. Нэрээ дэвшүүлэх болсон шалтгаан, гаргаж байгаа уриа нь ч тодорхойгүй.

“ШИНЭЧЛЭХ”-ИЙН ЦААНА

Нэр дэвшигч таван хүн тавуулаа л “намаа шинэчнэ” гэж яриад байгаа. Яг яаж шинэчлэх гээд байгаа юм гэхээр хэлэх үгтэй нь бас цөөн. 100 чавганц уралдсан ч нэг нь түрүүлдэг ёстой юм болохоор өлгөөд авахад арай дөнгүүр нь Л.Гантөмөр. Өөрөө ч хэлсэн байна лээ. “Ардчиллыг авч явах намын даргад өрсөлдөж байгаа болохоос биш “Болор цом”-д өрсөлдөөгүй шүү, бид” гэж. Заалыг удирдаж, үзэгчдээр алга ташуулсан уран гоё үг, дуулиан шуугианаас илүү дэвшүүлсэн бодлого, тавьсан зорилт, баримталж байгаа зарчим нь тодорхой байж өрсөлдөөн жинхэнээсээ өрсөлдөөн болно л доо. Түүнээс биш өндөр нам, өргөн зузаанаа яриад байвал энэ шударга өрсөлдөөн болж чадахгүй. Мөрөөдөлтэй байх нэг хэрэг, мөрөөдөлдөө хүрэх арга зам, зарчимтай байх өөр хэрэг.

Хувь хүнийхээ хувьд насандаа баймгүй буурьтай, бодлоготой нэгэн боловч энэ нь нөгөө талаас жаахан “бөөрөнхийдүү” харагдуулдаг гэмтэй. Дээр нь өнгөрсөн дөрвөн жил Засийн газрын гишүүн, сайдаар ажилласан болохоор боловсролын салбарт авч яваа том бодлогоо дэмжүүлэхийн тулд сөрөг хүчинтэй ”гал авалцсан“ тулаанд нэг их ороод байгаагүй. Намын дотоодод ч, гадаадад ч эв нэгдлийг баримталж ирсэн. Улстөрч хүн зоригтой байхаас гадна бас бодолтой байх ёстой гэдгийг Л.Гантөмөрөөс сурч болно. Хойш нь татаж болох нэг зүйл нь “Мүүнчин” гэх хов жив. Гэхдээ үүнийг давуу тал болгож бас болно. Яамных нь газрын дарга урьд өмнө мүүнийн шашинд итгэдэг байсан эсэх бол үнэндээ ардчилсан нийгмийн үед асуудал болгоод байхаар зүйл биш. Үүгээр их оролдвол 2000-аад онд хилийн дээс алхсан манай томчуул УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд бүгд унана. Дэлхийн энх тайвны гэр бүлийн холбооны урилгаар баруунтай холбогдоогүй, эхнэр, хүүхдээ дагуулаад хурал уулзалтад нь очоогүй хүн бараг байхгүй.

Харин хаа очиж “Мүүнийг сурталчилсан Л.Гантөмөрийг огцруулна аа” гээд жагсч байхад “Надад хамаагүй, мүүнчин хүүхнээ ав” гээд яамныхаа хаалгаар гаргаад чулуудчихаагүйд нь талархдаг юм. “Энэ хүний ямар шашин шүтэх эсэх нь боловсролын бодлогод хамааралгүй. Хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад болоогүй” гэж хэлээд сууж байсан эр хүний, төрийн хүний жудаг. Гэтэл манайхан дотор хамаг муу муухай, хар бор ажлаа авгай хүүхдээрээ, туслах, зөвлөхөөрөө хийлгэчихээд адагт нь АТГ-ын өрөө сахиулаад, өөрөө сугараад гараад явчихдаг жудаггүй эрчүүд байж л байна. Сонгуулиас хойш зургаан сарын дараа нөгөө хүүхэн нь их сургуулийн суалгааны хүрээлэнд ажилд орсон юм байх. Түүнээс нь болоод Л.Гантөмөрийг дахиад “мүүнчин”-гээр нь цоллоод эхэллээ л дээ. Монголд хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлах хууль байхгүй. Байдаг юм бол мэдэлгүй ажилд авсан Л.Гантөмөрийг биш, мэдсээр байж ажилд авсан Их сургуулийн захирлыг нь огцруулахгүй юу.

Ер нь тэгээд МАН-тай дайтах нь АН-ын мөн чанар уу, эсвэл Ц.Элбэгдоржтой дайтах нь АН-ын мөн чанар уу? гэдгийг АН-ын гишүүд өөрсдөө л бодох ёстой. Нэг дайсныг дарлаа гээд дараачийн дайсан л гарч ирнэ. Илүү хүчтэй байж өмнөхөө гишгэлж таарна. Түүний оронд АН-ын мөн чанар юу вэ, юуны төлөө явдаг нам бэ гэдэг бодлого зорилт, зарчим, үнэт зүйл дээрээ нэгдэж, түүнийгээ баримт бичиг болгож, мөрдөж байж улс төрийн нам гэдэг мөн чанараа хадгалж үлдэнэ. Өнөөдөртөө үүнийг ярьж байгаа нь Л.Гантөмөр л байна. Өмнөө тавьсан зорилготой, гартаа барьсан баримттай, мөрийн хөтөлбөртэй хүнээс ядаж гишүүд нь эргээд хариуцлага нэхэж чадна. “Таны намын дарга болохдоо бидэнд атгуулсан мөрийн хөтөлбөр чинь энэ байна. Одоо үүнийгээ яагаад хийхгүй байна” гэж. Харин “Чамайг би ажилтай болгоно. Чи жаахан хойшоо байж бай” гэсэн хүнээс хэн, хэдэн хүн хариуцлага нэхэж чадах бол. Эцсийн дүндээ АН үнэхээр мөн чанараараа ардчилсан нам болъё л гэж байгаа асуудлаа ардчилсан зарчмаар л шийддэг байх ёстой. Шийдвэр гаргах эрх мэдэл нь гишүүддээ байдаг, гаргасан шийдвэрээ нийтээрээ дагадаг хариуцлагатай нам байх ёстой. Тэгж байж өөр нэг намтай өрсөлдөх тухай ярьж чадна. Түүнээс биш нэг нөхрөөр байшин бариулж халаасны өрөөнд нь гүйж ороод, эсвэл нэг “мангасаа” дарах гэж өөр нэг “мангас” бүтээгээд, өөрсдөө буулганд нь ороод явж болохгүй л дээ.

Английн Консерватив нам ч бас бараг зуун жил ингэж явсан юм гэнэ лээ. Нэг бүлэглэл нь гарч ирээд нөгөөхөө шахаж зайлуулдаг, дараачийнх гарч ирээд яг адилхан зүйл хийдэг. Тэгээд эцэст нь “принцип буюу зарчмаа эхлээд тохирох ёстой юм байна аа, тэгээд түүндээ нийтээрээ захирагдаад явья” л гэж. АН-д ч гэсэн яг одоо энэ л хэрэгтэй байна.

 Эх сурвалж:shudarga.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …