Өнгөрөгч лхагва гариг буюу тавдугаар сарын 3-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах санал хураалт болж, Х.Баттулга ялалт байгуулав. АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр “саналын эрхтэй” 132 мянган гишүүний 60 хувь нь санал хураалтад оролцож, Х.Баттулга хамгийн өндөр буюу 2740 оноотой тэнцэх /21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд сонгогчдын тооноос хамааран 100-600 оноо өгч, авсан саналыг нь оноонд шилжүүлдэг системийг АН дотоод сонгуульдаа нэвтрүүлээд байгаа/ саналыг авсан байна. Саналын эрхтэй 132 мянган гишүүний 60 хувь гэхээр 80 мянга орчим гишүүн саналаа нэр дэвшсэн зургаан хүний төлөө саналаа өгсөн байна. АН-аас гаргаж үзүүлсэн онооны систем гэгчээс шалтгаалан хэн нь хэдэн санал авсныг мэдэх боломжгүй боловч зургаан нэр дэвшигчийн нийт авсан 8350 онооны 32 хувийг нэр дэвшигч Х.Баттулга /Амаржаргал 2374 оноо, Н.Алтанхуяг 1044 оноо, Л.Болд 917 оноо, Д.Дорлигжав 1058 оноо, Б.Жаргалсайхан 213 оноо/ авсан байна. Гэхдээ энэ нь санал өгсөн гишүүдийн 32 хувь биш гэдгийг дээр хэлсэн.
Санал хураалтын дүнг танилцуулахдаа АН-ын дарга “Үндсэн дүрэм болон бусад хууль журам зөрчсөн гомдол харьцангуй бага байлаа” гэсэн боловч зарим нэр дэвшигчдийн зүгээс гишүүдийн саналыг худалдаж авахаар мөнгө тараасан, сүлжээ үүсгэсэн гэх яриа одоо ч тасраагүй. Санал хураалтын дүн гарахад ялагч болох Х.Баттулга ганцаараа намын төв байран дээр ирж дүнгээ сонссоноос үзвэл бусад нэр дэвшигчид энэ дүнг хүлээн зөвшөөрч байгаа эсэх ч бас эргэлзээтэй. Санал хураалт болдог өдөр АН-ын удирдлагуудын олон нийтэд гаргаж үзүүлсэн “Нэр дэвшигчидтэй байгуулсан гэрээ” гэх нэр усгүй цаасыг эс тооцвол ялагдсан нэр дэвшигчид санал хураалтын дүнг эсэргүүцэхгүй гэх баталга алга.
Ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 8-ны өдөр АН-ын наймдугаар их хурал хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвгигчээ батлах юм байна. Дүрмийн дагуу намын дарга нэг л нэр дэвшигчийг намын их хуралд оруулж нууц санал хураалтаар батлах бөгөөд заалнаас нэр дэвшүүлэх боломжгүй гэнэ. Харин Х.Баттулгыг намын их гишүүдийн олонхи дэмжээгүй тохиолдолд асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэнэ гэлээ. Өөрөөр хэлбэл эрх мэдэл намын их хуралд шилжинэ гэсэн үг.
Мөн өдөр МАН-ын Бага хурал хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулав. Намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөж, М.Энхболдын бага хурлын 259 гишүүний 85,7 хувь буюу 222-ынх нь саналыг авч МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй боллоо. Ц.Нямдорж 14,7 хувь буюу 37 хүний санал авчээ. Товч бөгөөд тодорхой. Харин МАХН өнөөдөр хуралдах Бага чуулганаасаа нэр дэвшигчээ гаргаж ирнэ гэсэн.
Гэсэн хэдий ч гол өрсөлдөөн том хоёр намын дунд өрнөнө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль урьд өмнөх сонгуулиудаас онцын ялгаагүй. 2001 онд ч бид ийм сонгуультай нүүр тулж л байсан. Нэг нам дангаараа эрх барьж, сөрөг хүчин нь хүчгүйдсэн үеийн ээлжит нэгэн сонгууль. Ялгаатай нь гэвэл АН-ын дотоодод болсон нэр дэвшүүлэлт л байлаа. 2001 онд АН мөн л үүнтэй төстэй аргаар буюу намын бүх гишүүдийнхээ дунд сунгаа зарлан нэр дэвшигчээ тодруулж л байлаа. Р.Гончигдорж, М.Энхсайхан нар өрсөлдөөд М.Энхсайхан нь 50 илүү хувиар сунгаанд ялсан ч сонгуульд өвдөг шороодсон. Харин өнөөдөр Х.Баттулга намынхаа гишүүдийн /зөвхөн санал хураалтад оролцсон 60 хувийн л шүү дээ/ 30 хувийн дэмжлэгтэйгээр сонгуульд орох гэж байна. АН-ын Их хурал үүнийг залруулна гэж найдах нь бараг л боломжгүй.
Гол асуудал АН-ын дарга С.Эрдэнэ “хэдэн ч гишүүн нэрээ дэвшүүлж болно” зарласанд, зургаагийн зургаан нэр дэвшигч гаргасанд байгаа юм. Эсрэгээрээ МАН шиг ҮБХ-ноосоо нэр дэвшигчдээ гаргаад, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг сунгаанд буюу санал хураалтад оролцуулсан бол АН-ын нэр дэвшигч арай намаасаа илүү дэмжлэгтэй сонгуульд оролцож болох байлаа. Гэтэл одоо АН-ын 30 хувь Х.Баттулгын талд, 70 хувь нь түүний эсрэг зогсчихоод байна. Ийм дэмжлэгтэй өрсөлдөгч М.Энхболдын хувьд “зажилсан мах”, “болсон будаа”-наас өөрцгүй. М.Энхболд сайндаа биш, МАН-ынхаа сонгуульд зарцуулахаар бэлтгэсэн мөнгө ба сүлжээнд байгаа юм. Х.Баттулгын нам дотроо зарцуулснаас хэд дахин илүү мөнгийг МАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зарна. Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын биш, мөнгөтэй бүлэглэлүүдийн өрсөлдөөн болно. “Ард түмний”, “улс орны” гэх мэт эрх ашгийн эрэмбэ дараалал энд угаасаа байхгүй. Түүний нэг нотолгоо нь МАН-ын даргын “Бүрэн зураглал” нэвтрүүлгээр бөөрөндөө нааж бүх телевизүүдээр харуулсан Монголын толгой баячууд. Мөнгөөр бороо оруулна л гэж байна.
Энэ удаад бол хоёр нэр дэвшигчийн хувь улстөрчийн нэр хүнд, мэдлэг боловсрол, шударга ба шударга бусын талаар ярих нь угаасаа илүүц. Хэн нь хэнээсээ дор вэ л гэхээс дээшээ, доошоо ярьж өрсөлдүүлэх ямар ч боломжгүй хүмүүс. Нэг нь газрын наймаачин, АН, МАН-ыг холбосон улс төр, бизнесийн том бүлэглэлийн толгойлогч. Нөгөө нь спиртийн наймаачин, эдийн засгийн “алуурчин” хочтой болсон, Орос-Монголыг дамнасан мафижсан бүлэглэлийн гар хөл гэгддэг. Дээр, дор гэж яривал дүндээ дүн л болно. Тиймээс энэ хоёр хүнийг сонгохоос илүү сонгохгүй байх шалтгаан монголчуудад их.
Ийм л сонголтгүй сонгуулийг улс төрийн хоёр том нам сонгогчдод тулгаж байна. Хэн хэн нь мөнгөтэй. Гэвч сонгууль гэдэг бол нэг талаас сонгох эрх боловч нөгөө талаас сонгохгүй байх эрх юм. Өмнөх УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед “Сонгуульд санал өгөөгүй иргэнд хуулиар хариуцлага тооцох, зарим эрхүүдийг /нийгмийн халамж авах гэх мэт/ хасахаар хууль тогтоогчдоос санал оруулж байсан ч “иргэний сонгох эрхэд халдсан болно” гэлцээд дэмжлэг авалгүй унаж байсан. Орон нутгийн сонгуульд ирц хүрэхгүй байсан шалтгаанаар энэ саналыг гаргасан байдаг. Одоохондоо сонгууль өгөөгүйн төлөө хуулиар хариуцлага хүлээлгэдэг зүйл Монголд байхгүй. Тиймээс “Сонгуулийг бойкотлоё, санал өгөхгүй, ирц бүрдүүлэхгүй байя” гэдэг Э.Бат-Үүл баатрын санаа зөв. Нэгэнтээ сонголтгүй болсон сонгуульд хүчээр туугдаж санал өгөх хэрэг байна уу?
Нөгөө талаас иргэдийн сонгох эрхээс гадна сонгохгүй байх эрхийг ч бас өмнөх Сонгуулийн тухай хуульд бас баталгаажуулаад өгчихсөн байна. Сонгуулийн тухай хуулийн 97-р зүйлийн 9 дэх хэсэгт “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно” гэжээ. Тэгэхээр сонгуулийн ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар дахин дахин сонгууль явуулснаас ирцээ бүрдүүлээд саналаа өгөхгүй байх нь сонгуулийг хүчингүй болгох, саналаа худалдахгүй байх хамгийн зөв арга болж байна. Аль ч сонгуульд АН, МАН-ын дэмжигч тогтмол 40 орчим хувьтай л байдаг. Тэгэхээр МАН-ыг эсэргүүцсэн сонгогчдын 40 хувь, Х.Баттулгын эсрэг байгаа АН-ын 70 аль аль нь нэг ч нэр дэвшигчийг дугуйлахгүй байхад л сонгууль хүчингүй болно гэсэн үг. Сонгуулийн тухай хуулийн 13-р зүйл “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх” гэсэн хэсэгт “Нэг хүний нэрийг нэг л удаа дэвшүүлнэ, дахин дэвшүүлэхгүй” гэсэн байна.
Өнгөрөгч намар болсон орон нутгийн сонгуулийн зардалд УИХ 13 тэрбум төгрөг баталж байсан юм билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал ч бас түүнээс нэг их давж гарахгүй. Саналын хуудас хэвлэх, сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах, ажиллагсдыг цалинжуулах л зардал шүү дээ. Нэр дэвшигчдээс гарах зардлыг бол сонгуульд оролцож байгаа нам, эвсэл хариуцах ёстой.
Тэгэхээр дөрвөн жил Монгол Улсыг удирдах, гадаад харилцаа, дипломат бодлогыг авч явж, ҮАБЗ-ийг толгойлох хүнийг одоо нэр дэвшигдээд байгаа нөхдөөс арай илүү шалгуураар гаргаж ирье гэвэл нэг удаа зарлагадах 13 тэрбум төгрөг юу юм бэ л биз дээ. Мөнгө ихтэй намууд яах вэ, мөнгөө зарж л байг…
Нийтлэлч Сэмүүн