“Социалист лагерь”-ийн Ромео Жульетта

“Социалист лагерь”-ийн Ромео Жульетта
Нижегородын иргэн Жанна Воронцова 1947 оны гуравдугаар сарыг бүхий л амьдралынхаа туршид мартдаггүй. Тэр үеэс хойш 70 жилийн турш жаргал, зовлон туулж ирсэн ч залуу насныхаа аз жаргалтай тэрхэн өдрийг харц, зүрхний цохилт, амьсгалынхаа тоогоор дурсан санадаг.
 

Тайзны арын анхны хайр

Тэр өдөр Лениний нэрэмжит соёлын ордны ажилтан, 17 настай Жаннад нэгэн хариуцлагатай даалгавар өгчээ. Энэ бол лагерьт байгаа олзлогдсон германчуудад тоглолтоо сонирхуулах юм.

– Тэднийг тун удахгүй Герман руу нь буцаана. Энэ үйл явдлыг тохиолдуулан үдэлтийн тоглолт хийхээр шийдвэрлэсэн. Хамгийн гол нь санаж яв. Ямар ч тохиолдолд тайзнаас германчуудад “хүндэт нөхөр” мэт хандаж болохгүй. Тэд бидний нөхөд биш, гүйцээ! Жаннад дарга нь ийнхүү хатуу анхааруулжээ. Жанна лагерьт хятад хивээр хийсэн, хажуу талд нь цэцэг хатгасан гоёмсог хар даашинзтай иржээ. Зааланд сууж байсан германчууд түүнийг дагуулан эргэн харж байлаа. Харин тайзны ард Жанна дээр өв тэгш бие хаатай нэгэн залуу эр дөхөн иржээ.

– Танилцахыг зөвшөөрнө үү. Намайг Клаус гэдэг. Оросууд намайг Коля гэж дууддаг,-хэмээн үл таних эр бага зэрэг аялгатайгаар хэлэв.

– Би хоёр дахь зарлагч болж, үзүүлбэрүүдийн нэрийг германаар орчуулах юм.

Клаус юунаас ч юм бэ бүү мэд, Жаннаг нэг мөч ч алгасалгүй цоо ширтэн харж байлаа. Бүсгүйн зүрх ч хүчтэй дэлсэж, царайлаг залуугаас харцаа салгаж чадахгүй байгаагаа ойлгожээ. Түүнд тэр залуу герман гэдэг нь огт чухал биш байлаа. Харин ч эсрэгээрээ түүнийг сонирхох хүсэл нь нэмэгдэж байв. Тайзан дээр гарах цаг боллоо.

– Хүндэт нөхөд өө, сайн дурын уран сайхны тоглолтоо эхэлье. Энэ үед сэтгэл нь догдолсон бүсгүй удирдлагуудынхаа зааврыг ч мартаж, үзэл сурталд нийцэхээргүй үг унагаж орхижээ. Зааланд уур амьсгал эвгүйдэж эхлэв.

Азаар хэдхэн секундийн дараа германчууд шуугилдан инээлдэж, тоглолт ч жигд хэмнэлдээ оржээ. Жанна, Клаус хоёр үзүүлбэр бүрийн дундуур хөшигний ард ярилцаж, хамтдаа байх хором мөч өнгөрөх бүр хайр дурлал нь улам хүчтэй бадарч байгааг мэдэрч байлаа. Гэвч… Тоглолтын дараа Жанна зориудаар нүүрээ хувиргахаар гүйжээ. Тэгээд эргэж иртэл Клаусыг аль хэдийнээ аваад явчихсан байв. Хаашаа гэдэг нь ч тодорхойгүй. Жанна түүнийг овгийг ч, хаягийг ч мэдэж амжсангүй. Дахиж уулзана гэсэн найдлага ч үгүй хоцров. Сэтгэлээр унасан бүсгүй цурхиран уйлж байлаа. Түүнд анхны хайр нь ингээд л дуусах юм шиг санагдаж байв.

 

Нөхрийн тус

– Жанна, доор чамайг нэг герман хүлээж байна, -хэмээн Соёлын ордны манаачийн утасны дуудлага бүсгүйн хуучны дурсамжийг сэдрээж, зүрхийг нь булгилуулжээ. Гуравдугаар сарын тэр нэгэн өдрөөс хойш олон cap өнгөрчээ.

Коленькагаа мөрөөдөн зүрхэндээ тээж, хэдэн давхраас нисэх мэт буусан бүсгүй гудамжид гүйгээд л гарсан аж. Гэтэл орох хаалганы дэргэд цааш харан зогсох залуу эр Клаус биш байлаа.

– Намайг Вольфганг Морель гэдэг. Би Клаус Фритцшегийн найз байна. Өдгөө тэр БНАГУ-д амьдарч, орчуулагчаар ажиллаж байна. Таныг хайж олоорой гэж хичээнгүйлэн гуйсан юм, – хэмээн залуу илт аялгатайгаар өөрийгөө танилцуулав. Жаннагийн зүрх булгилан догдолж байлаа. Мэдээж тэд биеэрээ уулзах найдлага бараг байгаагүй ч өдгөө түүний хаягийг авч чадлаа. Жанна бүрэг ичимхий зангаа таягдан хаяад анхны захидлаа бичихээр шийджээ.

-Хувь заяа намайг таны найзтай уулзуулж, тэр надад хаягийг тань өглөө. Захидал бичихээсээ өмнө би бага зэрэг эргэлзэж байлаа. Яагаад гэвэл та намайг санаж байгаа эсэхийг ч мэдэхгүй байна. Тантай уулзахыг ямар их хүсэж байгааг та тааварласан биз ээ,- хэмээн цаасан дээр нямбайлан бичжээ.

Ингээд тэдний дунд бүхэл бүтэн 10 жил захидлаар харилцах холбоо эхэлсэн байна. Тэд уулзана гэсэн ямар ч найдлагагүйгээр хоорондоо зөвхөн захидлаар л харилцсаар байлаа. Горький бол хаалттай хот. Дээрээс нь Герман явж, Коля дээрээ очно гэвэл мөрөөдөх ч юм биш.

Салж хагацсандаа гашуудан шаналсан Клаус Жанна болон өөрийгөө “Социалист лагерь дахь Ромео Жульетта хоёр” гэж нэрлэжээ. Он жилүүд нисэх мэт өнгөрч, Клаус ч хүнтэй суужээ. Гэсэн ч тэр Горький хотын хайраа мартаж чадсангүй.

 

Москвад уулзсан нь

1958 оны намар удаан хүлээсэн уулзалт болох ер бусын боломж тохиожээ. Клаус Москвад орчуулагчаар түр ирэхээр болов. Энэ үед тэр Жаннатай уулзах уу, байх уу гэсэн эргэлзээнд орж, зүрх сэтгэл, оюун бодол нь хоорондоо тэрсэлдэнхэн байлаа. Яагаад гэвэл тэр эхнэртэй… Ингээд тэр эхнэрээсээ уулзах зөвшөөрөл хүсэхээр болов.

-Эхнэр тийм дуртай байгаагүй ч уулзахыг минь зөвшөөрсөн хэмээн Клаус “Өргөст торны цаана өнгөрөөсөн зургаан жил” дурсамж номондоо бичжээ. -Би Жаннагийн хуучин хаягаар захидал бичсэн. “Москвад очъё. Чамайг харах болсондоо маш их баяртай байна” гэсэн хариу ирсэн гэжээ.

Тэд “Бээжин” хэмээх тансаг зочид буудлын амралтын танхимд уулзалджээ. Жанна галт тэрэгнээс буугаад л, замынхаа хувцастай хүрч ирсэн байна. Харин Клаус загварын костюм өмсөж, үсээ нямбайлан самнасан байсан тул бүсгүй олон жил сэтгэлдээ хадгалсан хар хөмсөгтэй сайхан залууг шууд таньсангүй.

Тэд хэдэн цаг зугаалаад л хайр сэтгэл нь дахин сэдэрчээ. Гэвч тэд сэтгэл зүрхээ захирахгүй бол болохгүй. Фритцше БНАГУ-даа гэр бүлтэй хүн. Ингээд л тэд хоёулаа нүдэндээ нулимстай салцгаажээ.

 

Гэнэтийн зочин

Амьдрал ч урсдагаараа урсаж, Жанна нөхөртэй болж, хүү төрүүлжээ. Коля тэр хоёр ч захидлаар харилцахаа болив. Түүний хувьд мэдсэн үү, үгүй юу, юутай ч түүний хайртай эр нь 1989 онд Горький хотод дахин нэг удаа ирж, Жаннагаа хайж үзжээ. Гэвч Жаннагийн залуудаа амьдарч байсан байшин балгас л болсныг олж харсан аж.

Ингээд Клаус хайрт Жаннагаа дахиж олохын тулд 10 жилийг зарцуулжээ. Тэр цагаас хойш хоёр биетэйгээ захидлаар харьцах харилцаа огт тасарсангүй. Энэ хугацаанд Нижегородод оршин суудаг Жанна эхлээд нөхрөө, дараа нь цорын ганц хүүгээ алджээ. Өдгөө 87 настай тэрбээр өдөр тутмын аж амьдралдаа дарагдан цор ганцаар амьдарч байна. Эх оронд нь түүнийг гэх, тус дэм болох ойр дотнын нэг ч хүн үлдсэнгүй. Гэхдээ түүнд Германд урьдын адил Клаус нь байгаа. Түүний хувьд өдгөө 94 настай бөгөөд эрүүл мэнд нь тааруу, эхнэр нь нас барсан, зүрхэндээ мэс засал хийлгэсэн гээд бас л асуудалтай байгаа аж. Гэвч тэр cap бүр хайрт Жаннадаа дансаар багахан хэмжээний мөнгө шилжүүлсээр байна.

 

 

– Коля бид хоёр дахин хэзээ ч уулзалдахгүй гэдэгтэй би аль хэдийнээ эвлэрсэн. Харин хэдэн долоо хоногийн өмнө над дээр өнөөх Вольфганг Морель зочлон ирсэн шүү. Яагаа вэ, нөгөө 1947 онд Колягийн хаягийг надад өгсөн залуу. Бид яг 70 жил уулзалдаагүй юм билээ. Түүнтэй хаяг, утсаа солилцсон- хэмээн Жанна Дмитриевна инээмсэглэн ярьж сууна.

Жанна өдгөө утсаа үргэлж орныхоо дэргэд тавьдаг болжээ. Яагаад гэвэл тэр Зөвлөлтийн Горький хотод олзлогдсон цэргүүд байсан дотнын хоёр хүн болох Клаус, Вольфганг хоёрынхоо утасны дуудлагыг зүрхээ даран хүлээдэг болсон гэнэ.

 

 

Э.Мөнхзаяа
Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …