Туркэд амьдарч буй Монголчууд халдлагад өртөх нь нэмэгдлээ

2017 оны тавдугаар сарын сүүлээс эхлэн Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал удаа дараа гарч байна гэх гомдлыг иргэдийн зүгээс Истанбул дахь “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-т тавин өргөдөл гаргажээ.

Энэ дагуу Истанбул дахь Ерөнхий Консулын Газрын Консул Б.Энхмөнх, “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-ны Тэргүүн Б.Мөнхмаа нар 2017 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Истанбул хотын Цагдаагийн Эрүүгийн болон Нийгмийн хэв журмыг сахиулах газрын Дэд дарга Хүсэйин.К, тус газрын байцаагч комиссар Зэкирияа.А нартай уулзаж Монгол иргэдэд тулгамдаад буй нөхцөл байдлын талаар тайлбарлаж энэ байдлыг зогсоох талаар арга замуудыг хэлэлцэв.

Цагдаагийн байгууллагын зүгээс бидэнд өгсөн мэдээлэл нь “гэмт хэрэгт хохирогч болсон аль ч улсын иргэн Турк улсын хуулийн дагуу цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад гомдол гаргах эрхтэй бөгөөд хуулийн дагуу хохирлоо барагдуулах эрхтэй. Хэрвээ гадаад улсын иргэн Турк улсад аливаа гэмт хэрэгт хохирогч, сэжигтэн, гэрч зэрэг аль нэг байдлаар холбогдсон тохиолдолд тухайн иргэний Турк улсад албан ёсны оршин суух эрхтэй эсэх нь зайлшгүй шалгагдана.

Хэрвээ тухайн гадаад иргэн оршин суух эрхгүй Турк улсад амьдарч байгаа нь илэрвэл захиргааны хэрэг давхар үүснэ. Энэ нь тухайн иргэний гэмт хэрэгт холбогдсоноос тусдаа асуудал юм. Гэмт хэргийн асуудал цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар шийдэгдэх бол албан бусаар оршин сууж байсан асуудал нь Турк улсын Гадаадын харьяатын газраар шийдвэрлэгдэх юм.

Нөгөөтэйгүүр, дээр дурдсан байдлаар гудамжинд зодуулж, дээрэмдүүлж эсвэл биедээ хохирол амссан Монгол иргэдийн дунд Турк улсад албан ёсны оршин суух зөвшөөрөлтэй иргэд байвал цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад чөлөөтэй хандах эрхтэй бөгөөд ингэснээр тэдгээр гэмт бүлэглэлүүдийг таслан зогсоох боломж нээгдэх юм.”

Мөн цагдаагийн байгууллагын зүгээс монгол иргэдийн ихээр оршин суудаг Истанбул хотын Кайитханэ дүүрэг, Чаалаяан хэсгийн Sevin sokak, Kurşun sokak, Taşocağı Caddesi, Hürriyet Park, Derebaşı sokak, Parlak sokak, Buket sokak зэрэг гудамж, талбай, газруудаар цагдаагийн эргүүл тогтмол явуулах арга хэмжээг авахаар болов.

Монгол иргэдийн ихээр оршин суудаг Истанбул хотын Чаалаяан хэсэг нь гэмт хэргийн хувь өндөртэй, амьдрах орчин аюултай зэрэглэлд багтдаг тухай цагдаагийн байгууллагаас анхааруулж монгол иргэдийг илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөсөн болно.

Истанбул дахь Ерөнхий консулийн газар 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …