Энэ сарын 21-нд Руандагийн Кигалид зохиогдсон Африкийн залуучуудын дээд хэмжээний уулзалтад Алибаба корпорацын ерөнхий захирал Жэк Ма оролцсон байна.
Тэрээр Африк тивийн тухай дөрвөн төлөвлөгөөгөө зарлан мэдэгджээ. Ингээд ХОУР-гоос Зүүн Африкт суугаа сурвалжлагч Шин И Шиний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Африкийн Залуучуудын дээд хэмжээний уулзалтыг Руандагийн Засгийн газар, НҮБ-ын Худалдаа хөгжлийн хурал болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төв хамтран зохион байгуулж, 90 улс орны 3000 шахам төлөөлөгчид оролцож, Африкийн залуучуудын чадвар боломжийг хэрхэн хөгжүүлэх сэдвээр гүнзгий судлан хэлэлцсэн байна. Жэк Ма НҮБ-ын Худалдаа хөгжлийн хурлын Залуучуудын бизнес эрхлэлт ба жижиг компани нэгжийн тусгай зөвлөхийн хувиар хуралд оролцов. Тэрбээр:
– Би Африк тивд байсан энэ хоёр өдрөө маш их урам зориг авсан юм. Энэ нь Африк тив бол дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн найдвар эрмэлзэл мөн гэдгийг надад улам илүү итгүүлсэн төдийгүй энд одоогийн дэлхий нийтэд шаардагдаж буй багтаамжтай эдийн засгийн зохицуулах арга төсөл байгаа юм. Иймээс би дөрвөн бага төлөвлөгөөгөө зарлан мэдэгдэхээр боллоо.
Нэгдүгээр төлөвлөгөө бол, Алибаба групп цаашид НҮБ-ын Худалдаа хөгжлийн хуралтай хамтран ажиллаж, Африк тивээс 200 залуу бизнес эрхлэгчдийг Ханжөүд урьж, Алибабагийн төвд цахим худалдаа, зохиомол оюун ухаан, интернэт сүлжээний талын холбогдох оюун мэдлэгийг эзэмшүүлэх юм байна.
“Эдгээр сонгогдсон залуучуудад бид байдаг бүхнээ харамгүй зааж, тэд Африкт харьж очсоны дараа бие даан өөрийн ажил үйлсээ хөгжүүлэхийн зэрэгцээ нэн олон хүмүүст тус болох чадвартай болгоно.”
Африкийн бизнес эрхлэгчдийг Хятад улсад урьж суралцуулах, чадварыг нь хөгжүүлэхээс гадна Жэк Ма Африк тивийн тухайн газрын байгууллагатай хамтран ажиллаж, интернэт сүлжээний эрин цагийн нэн олон чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тухай дараагийн төлөвлөгөө танилцуулав.
Хоёрдугаар төлөвлөгөө бол, Алибаба групп Африкийн их сургууль, Засгийн газартай хамтран ажиллаж, тухайн нутгийн оюутан сурагчдад цахим бизнес, интернэт сүлжээ, зохиомол оюун ухаан, Том дата, үүлэн тооцооллын тухай мэдлэг олгох болно. Бид чадах ядахаараа Африк тивийн нэн олон залуучуудыг сургалтад хамруулан, тэдний дата эрин цагийн сорилтод хандахад нь туслах болно.”
Жэк Ма-гийн дэвшүүлсэн гуравдагч төлөвлөгөө бол олон нийтийн халамжийн чанартай төсөл байв. Тао Хуа Юань хэмээх экологи хамгаалалтын сангийн захирлын хувиар Жэк Ма тус сан ба Алибаба олон нийтийн халамжийн санг төлөөлөн, Африкт байгаль хамгаалагчдад зориулсан шагналын сан байгуулах бөгөөд тус төслийг 2018 оны 8-р сард хэрэгжүүлж эхлэхийг мэдэгдлээ. Жил бүр байгаль хамгаалалтын өмнө фронтод ажиллаж байгаа 50 ажилтныг сонгож, хүн тус бүрт 3000 ам.долларын урамшуулал олгох ба төслийг 10 жил хэрэгжүүлж, 1.5 сая ам.долларын шагналын сан гаргах юм байна. Энэ тухай Жэк Магийн ярьсныг үргэлжлүүлэн сонсоё.
“Африкийн эх хуурайд, ховор нандин зэрлэг ан амьтныг хамгаалахын тулд аливаагаа харамгүй зориулж яваа байгаль хамгаалагчиддаа бид маш их талархаж байна. Үүний тулд бид ил мөнгөний шагнал урамшууллын хэлбэрээр тэдний хичээл зүтгэлд ач хариу болгохоор шийдвэрлэсэн юм.”
Жэк Ма дөрөв дэх төлөвлөгөөгөө мөн өдрийн өглөө бодож олсон байна. Африкийн залуучуудад хандсан итгэл үнэмшлээ харуулахын тулд тэдэнд хандан хөрөнгө оруулалт хийхээр шийдсэнээ хэллээ.
– Би та нарт тавьсан итгэл үнэмшлээ харуулахыг хүсэж байна. Иймээс би Жэ Ма санд Африкийн залуу бизнес эрхлэгчдэд зориулан 100 сая ам.долларын тусгай сан гаргаж, Африкийн залуучууд өөрсдийн хүсэл мөрөөдөл, үзэл ойлголтоо биелүүлэхэд нь туслах болно. Африкийн залуу хүмүүсийн эрч энергийг олж харлаа. Тэд маш сайн үзэл ойлголт, эрч зоригтой байна гэж Жэк Ма Африк тивд хийсэн энэ айлчлалын үеэр олон удаагийн арга хэмжээнд оролцохдоо онцлон хэлж байлаа. Үүний зэрэгцээ Африк тивд цахим худалдааны асар их боломж байгаа. Гэхдээ Алибабаг маш амархнаар Африкт хуулбарлан авчирч огт болохгүй, Африкчууд өөрийн гэсэн “Алибаба” болон “Жэк Ма”-тай болох нь зүйтэй гэж тэрээр үзсэн байна.
Эх сурвалж:ХОУР