“Самсунг элэктроникс”-ийн өв залгамжлагч давж заалдлаа

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” корпорацийн дэд ерөнхийлөгч бөгөөд өв залгамжлагч  И Жэ Ён таван жил хоригдох ял сонссоноосоо гурав хоногийн дараа буюу өнөөдөр давж заалдах гомдол гаргалаа.

Цахилгаан бараа үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох  “Самсунг Электроникс” корпорацийн нэр хүндэд ихээхэн сөргөөр нөлөөлж буй шүүхийн шийдвэрийн эсрэг И Жэ Ёны өмгөөлөгч Ким Жон Сун давж заалдах гомдлыг өнөө өглөө Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд  гаргасан байна.

Хоёр охин компаниа нэгтгэхэд Ерөнхийлөгч Пак Гын Хэгээс улс төрийн дэмжлэг авсныхаа хариуд түүний дотны найз Чой Сүн Сильд охиных нь морин спортын бэлтгэл сургуулилтад зориулан 7.2 тэрбум долларын хахууль өгсөн гэх үндэслэлээр И Жэ Ёнд өнгөрсөн баасан гарагт таван жилийн хорих ял оноосон юм.

И Жэ Ёны өмгөөлөгч өнөө өглөө сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Бид сая давж заалдах гомдол гаргалаа. Давж заалдах шатны шүүх түүнийг цагаатгаж, нэрийг нь цэвэрлэж өгнө гэдэгт бид итгэж байна” гэв.

Ажиглагчдын хэлснээр, давж заалдах шатны эхний шүүх хурал  ирэх сарын эхээр болж магадгүй.

И Жэ Ён гэж хэн бэ?

·   “Самсунг Электроникс” корпорацийн өв залгамжлагч

· “Самсунг Электроникс”-ийг үүсгэн байгуулагч И Бён Чол-ын ач хүү, тус корпорацийн одоогийн ерөнхийлөгч И Кун Хэ-гийн ганц хүү

·    Өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-нд “Самсунг Электроникс”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болсон

·   Өдгөө 74 настай эцгийнхээ халааг аван “Самсунг Электроникс”-ийн ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн

Эх сурвалж:montsame.mn
Г.Доржханд

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …