Д.Трамп: Нью-Йоркт террорист халдлага үйлдсэн этгээдийг цаазаар авбал зохино

2010 оноос хойш Америкт амьдарч байгаа Сайфулло Сайповт террористуудад материалын дэмжлэг үзүүлсэн, үймээн самуун дэгдээж хүний аминд хүрсэн хэргээр хэрэг үүсгээд байгаа.

Энэ мягмар гаригт Нью-Йорк хотын худалдаа, эдийн засаг төвлөрсөн  хэсэг болох Манхэттен дүүрэгт  гарсан террорист халдлагыг үйлдсэн тэрээр цагдаа нарт буудуулж шархадсаныхаа дараа эмнэлэгт хэвтсэн. Тэр ачааны машинаар дугуйн зам уруу дайран орж, найман хүний амийг хөнөөж, 12 хүнийг гэмтээсэн.

Узбек үндэстэн Сайфулло Сайпов хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа бөгөөд Исламын улс бүлэглэлийн сурталчилгааны дүрс бичлэгийг үзээд халдлага үйлдэх санаа төрсөн, хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байгаагаа мөрдөгчдөд ярьжээ.Тэр бас Исламын улсын далбааг авчрахыг шаардаж, эмнэлгийн өрөөнийхөө хананд өлгөмөөр байна гэжээ.

Террористын гаргаж байгаа энэ авир АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын уурыг хүргэсэн. Тэр саяхан “twitter” хуудсандаа “Нью Йоркийн террорист эмнэлгийн өрөөндөө Исламын улсын тугийг өлгөх тухай яриад их л жаргалтай байгаа бололтой. “Нью-Йоркийн халдлагыг үйлдсэн этгээдийг цаазаар авбал зохино”гэж бичсэн байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп  энэ халдлагын дараа цагаачлалын бодлогоо чангатгах тухай ярьж эхэлсэн. Мөн тэрээр 1990 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Ногоон картын сугалааг зогсоохыг уриалсан байна. Ерөнхийлөгч ” Бид улсынхаа шүүх ажиллагааг илүү хүчтэй бөгөөд шуурхай болгох хэрэгтэй” гэдгийг нэмж хэлжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …