Зургаан жилийн өмнө Японы Фукушима мужид томоохон хэмжээний Цунами болсон билээ. Энэ үеэр мужийн цөмийн эрчим хүчний үйлдвэр сүйрсэн байдаг. 1 сая тонн усанд цацраг идэвхт бодис орсон байсныг 900 ширхэг том хэмжээтэй усны нөөцлүүрт авч хадгалсан аж.
Гэвч хэрэв дахин Цунами болвол эдгээр усны нөөцлүүр задрах аюултай гэнэ. Шинжээчид Засгийн газарт цацраг идэвхт бодистой усыг Номхон далай руу бага багаар цутгах саналыг удаа дараа тавьсан байна. Харин загасчид энэ саналыг эрс эсэргүүцэж байгаа.
“The Japan Times”-т Фумио Хага гэх загасчин “Цацраг идэвхтэй усыг далай руу цутгах юм бол хүмүүс Фукушимагийн загасыг идэхээ болино.” гэжээ. Эрдэмтэд Фукушимагийн загасыг судалж идэхэд аюулгүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь ч гэлээ Япончуудын 1/5 нь аль хэдийн эндэхийн загас болон бусад хоолыг идэхээс татгалзаж эхэлсэн.
Засгийн газар усны нөөцлүүрт хадгалсан нэг сая тонн цацраг идэвхт бодистой усыг хэрхэхээ одоо болтол шийдвэрлээгүй байгаа. Токиогийн “Electric Power Company Holdings Inc” ч үүнийг хэрхэх талаар ямар нэг шийдэлд хүрч чадахгүй байгаа.
Ямартай ч зарим эрдэмтэн 2023 он хүртэл цацраг идэвхт изотопын тал нь ширгэж үгүй болохыг хүлээх саналыг тавиад байгаа аж.