Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотноо болж буй Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр өчигдөр Иерусалимыг Палестины нийслэл болгох санал тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн.
Үүнийг ялангуяа Ойрхи-Дорнодын орнууд тус бүс нутагт хурцадмал байдлыг үүсгэж болно гэсэн билээ. Эрдоган “АНУ-ын төрийн тэргүүн Иерусалимыг Израилийн нийслэл хэмээсэн нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн явдал болсон. Израиль бол террорист улс. Д.Трампын Иерусалимын талаар хийсэн мэдэгдлийг шүүмжилсэн олон орны төрийн тэргүүнүүдэд талархаж байна. НҮБ-ын гишүүн 196 орон бүгд зөв байр суурин дээр байна гэдэгт би итгэж байгаа. АНУ цөмийн хамгийн хүчирхэг орон байж болно. Гэвч дэлхийн улс бүхэн түүнд харьяалагдахгүй” гэв.