ОХУ-аас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг нийслэл Анкара хотод 22 настай Мевлют Мерт Алтинтас гэдэг цагдаа буудан хөнөөсөн гэж Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу 2016 оны 12-р сард мэдэгдсэн.
ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов уран зургийн галерейд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцон үг хэлж байх үеэр нь гэмт этгээд түүнийг араас нь бууджээ. Гэмт этгээд тухайн үед костьюм, зангиатай байсан.
Халдлага болсон газрын хяналтын камерт буусан дүрс бичлэгээс үзвэл, гэмт этгээд Элчин сайдыг буудсаныхаа дараа “Алеппог мартаж болохгүй! Сирийг мартаж болохгүй!” гэж хашгирч байсан. Мөн тэрбээр “Бурхан бол агуу” гэж арабаар хашгирч байжээ. Алеппо Сирийн сөрөг хүчний гол түшиц газар байсан юм.
Харин энэхүү хэргийг зохион байгуулсан гол эзнийг өнгөрсөн долоо хоногт саатуулсан байна. Туркийн цагдаа нар түүнийг ФЕТО хэмээх алан хядах үйл ажиллагаа явуулдаг бүлгийнхэнтэй холбоотой гэх хэргээр урьд нь саатуулж байжээ. Мөрдөн байцаагчид түүнийг Андрей Карловын амийг хөнөөх хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа.
Алуурчныг газар дээр нь устгасан агаад тухайн үед Туркийн талаас уг хэргийг мөрдөх үед Туркийн сэтгүүлч, продюсер Хайреддин Айдынбаш, үзэсгэлэнг зохион байгуулагч Мустаф Тимур нарыг мөн сэжиглэн байцааж байсан юм.
Цаашлаад алуурчин олон нийтэд танигдсан номлогч, өдгөө АНУ рүү дүрвэсэн Фетхуллах Гюлентэй холбоотой гэх. Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоган номлогчийг 2016 оны долдугаар сард болсон төрийн эргэлтийг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа.