Жагсаж болно, цуглаж болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэж болно. Улс төрийн буруу бодлогыг шүүмжилж, эсэргүүцсэн ч болно. Энэ бол бидэнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх. Ардчиллаар олж авсан ганц л давуу тал энэ юм шиг. Гэвч бидний язгуур эрхэд тулгуурласан хошин үзүүлбэрээр улс төрийн намууд тоглолт хийдэг болжээ. Төв талбайд зохион байгуулагдсан улс төрийн агуулгатай жагсаал цуглааныг үзээд дэмжиж оролцохоосоо илүүтэй, элэглэн доглуулж байгаа мэт сэтгэгдэл төрж, дургүй хүрдэг боллоо. Бид 1990 онд өмнөө тулгарсан асуудлыг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж шийдвэрлэж чадсан улс үндэстэн шүү дээ. Гэтэл одоо жагсаж, эсэргүүцэж чадахаа байжээ. Ерөөсөө л жагсаал нэртэй хошин шогийн үзүүлбэр л үздэг болчихсон байна. Уг нь бодлого тодорхойлох чадамжтай, арай л дөнгүүр хэдээрээ төр түшүүлдэг гэж бодсон юмсан. Гэтэл алиалагч шиг л сэтгэх юм. Алиалагч бол хүнийг яаж инээлгэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж, үзүүлбэрээ боловсруулдаг. Харин манай түшээд тэднээс ялгарах зүйл алга. Тэгвэл алиалагчид циркэд л ажилладаг юм.