ХБНГУ-ын шинэ Засгийн газарт ажиллах эрхмүүдийн нэрс тодорч эхэллээ. Өнгөрөгч мягмар гаригт эвслийнхэн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар хуралдсан.
Үүний талаар Германы “Bild” сонины цахим хувилбарт А.Меркель тэргүүтэй Холбооны Засгийн газрын Гадаад хэргийн сайдаар Социал-ардчилсан намын тэргүүн, Евро парламентыг тэргүүлж байсан Мартин Шульц томилогдох тухай онцолсон байна. Ноён Шульц Гадаад хэргийн сайдаар томилогдвол намын анд Зигмар Габриелыг орлох юм.
Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо нам, Мартин Шульцийн Социал-ардчилсан нам олон жил хамтран засаг барьж ирсэн бөгөөд энэ удаа дахин эвсэл байгуулж, гадаад бодлого, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцээр хийсэн.
Түүнчлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ирээдүйн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах улс төрчдийн тухай мэдээллүүд гарчээ. Тухайлбал Хамбург мужийн захирагч, Социал-демократын гишүүн Олаф Шольц Сангийн сайдаар, Баварын консерватор Хорст Зехофер Дотоод хэргийн яамыг даргалах төлөвтэй байна.
Ангела Меркелийн хувьд дөрөв дэх удаагаа Засгийн газрыг тэргүүлэхээр болсон. Үүний хажуугаар Герман ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг зорьж байгаа. Ялангуяа хоёр орны эрх ашиг, харилцан итгэлцэл дээр суурилсан асуудлаар дорвитой алхмуудыг хийх аж.