Францын ерөнхийлөгч асан Николас Саркозиг Нантера хотын шүүхийн цагдаагийн байранд саатуулж, 48 цаг хорихоор болжээ.
Түүнээс 2007 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэхдээ Ливи улсаас тусламж авсан гэх хэргээр мэдүүлэг авна гэдгийг Le Monde сонинд мэдээлжээ. Энэ нь Н.Саркозиг саатуулсан анхны тохиолдол биш юм.
2014 онд түүнийг авилгын хэрэгт холбогдуулан 15 цагийн мэдүүлэг авч байсан. Тухайн үед түүнийг бүрэн эрхээ ашиглан, авилга авч, албан тушаал наймаалцсан гэх хэргээр шалгасан байдаг.
Харин энэ удаа 2007 онд болсон ерөнхийлөгчийн сонгуультай холбон шалгах аж. Юуны өмнө түүний сонгуулийн өмнөх кампанит ажлыг Ливийн тал санхүүжүүлсэн гэх хэргээр мэдүүлэг авах юм.
2011 онд М.Каддафийн хүү Саиф-аль-Ислам анх удаа мэдэгдэл хийж байв. Тэрээр эцэг нь түүний сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлсэн, мөн үргэлжлүүлэн тусламж өгч байсан гээд Н.Саркозиг хэргээ хүлээхийг шаардсан.
Үүнээс гадна Н.Саркозиг албан тушаалаа ашиглан Л’Ореаль компанийг эзэмшигч Л.Бетанкурын итгэлийг олж, сонгуулийн ажлаа санхүүжүүлсэн, 2012 онд болсон сонгуулийн үеэр хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө ашигласан гэсэн мэдээ цацагдсан.
Харин Н.Саркози энэ бүгдийг үгүйсгэж, өдөөн хатгалга, улс төрийн явуулга хэмээн тайлбарласаар ирсэн.