Бүжиг гэдэг өөрөө эртний урлаг бөгөөд улс орон бүрт өөрийн гэсэн онцлог бүхий бүжгийн төрлүүд байдаг билээ. Үг яриагүйгээр бүжгээр дамжуулан хүн өөрийгөө илэрхийлэх, хайр сэтгэл, тачаал, гуниг, баяр баяслыг хүртэл түүгээр дамжуулан илэрхийлдэг. Бүжиггүйгээр хүн төрөлхтний түүхэн хөгжил, цэцэглэлт, соёл иргэншлийг үнэхээр төсөөлж боломгүй мэт.
Бүжиг өөрөө мөн нэгэн төрлийн харилцан яриа юм. Ялангуяа дорнын үзэсгэлэнт бүжиг “Belly dance” хэмээх бүжиг өөртөө ид шидийг агуулж байдаг гэхэд тийм ч хэтрүүлсэн хэрэг биш болох байх. Учир нь бүжиг гэдэг өөрөө нэгдэл юм. Бүжиглэснээр та одоо цаг дээрээ оршиж байдаг. Таны анхаарал, төвлөрөл «энд, одоо» дээр оршиж байдаг.
Тиймээс нэгдэл үүсдэг. Нэгдэл үүссэнээр та өөрөө оршихуйтай нэгдмэл болж, газар дэлхий байгальтай үггүйгээр ярилцаж, түүнийг мэдэрдэг. Бүжиг гэдэг ийм л гайхамшигтай! Дорнын бүжиг нь өөрөө уян хатан, эмэгтэйлэг байдлыг илэрхийлдэг ба “belly dance”-аар хичээллэж, бүжиглэснээр өөрийгөө бүрэн дүүрнээр мэдэрч, илүү зоригтой, өөртөө итгэлтэй болдог.
Эмэгтэй хүн гэдэг угаас эрх чөлөөтэй, аз жаргалтай байхаар заяагдсан байдаг. Арабын улс орнуудад, Дорно дахинд эмэгтэйчүүд бүжгээрээ дамжуулан эрх чөлөө, аз жаргал, гоо сайхнаа мэдэрч байв (одоо ч мөн адил).
Тиймээс энэхүү бүжиг өнөөдрийг хүртэл хөгжиж, цэцэглэсээр тайзны урлаг болтлоо хөгжсөн. Дундад Азид “Belly Dance” буюу бэлхүүсний бүжиг бус араб хэлнээс балади буюу “ард түмний” гэсэн утгаар нэрлэж иржээ.
Анх Египетэд үүссэн уг бүжгийн хэд хэдэн хувилбар нь өнөө үед Арабын ертөнцөд түгсэн байна. 1940-1950 оны хооронд гарч байсан Египетийн киноны “belly dancers” Мэрилин Монро, Софиа Лоренс нар шиг хүндлэгдэж байв. Харин Египетийн киноны алтан үе дуусч, нийгэмд шашны үзэлтнүүдийн байр суурь давамгайлж эхлэхэд уг бүжиг хэсэг хугацаанд мартагдсан.
Александер Пауликевич Дундад Азийн цөөн хэдэн belly dancer-ын нэг. Тэрээр энэхүү бүжиг гардаг хар, цагаан киноноос санаа авч урлагийн замд орсон бөгөөд одоогоор бүжиг дэглээч хийж байна. Зөвхөн эмэгтэйчүүд л энэхүү бүжгийг бүжиглэж чадна гэсэн сэтгэлгээг халахын тулд Ливан улсын нийслэл Бейрут хотод бүжгийн дугуйлан хичээллүүлдэг.
Хэдий амьдрал өмнөх үеэс илүү нээлттэй, чөлөөтэй болсон ч ижил хүйстэн тэрээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх анхандаа тийм ч амар байгаагүй аж. Александре хэлэхдээ “Бүжиглэхийг маань харсан хүмүүс сэтгэл хөдлөлөө нууж чадахгүй над руу сонин хардаг байсан. Гэхдээ үзүүлбэр үзээд яруу тансаг мэдрэмж авсан тэд ховстуулсан мэт болдог. Одоо хотынхон намайг хүндэлдэг болсон. Зарим нь өмнө нь ийм зүйл хэзээ ч харж байгаагүйгээ хэлдэг. Би тэднээр өөрийгөө хүндлүүлдэг болж чадсан” хэмээсэн.