Улсын Драмын Эрдмийн театрын залуу жүжигчин СТА Э.Тодгэрэлтэй удахгүй тоглогдох гэж буй “Чөлөөт хос” инээдмийн жүжгийн талаар ярилцлаа.
-Инээдмийн баярт зориулж УДЭТ-т “Чөлөөт хос” жүжиг тоглогдох гэж байна. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-2013 онд Улсын Драмын Эрдмийн театрын бүтээл болгосон Италийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Дарио Фогийн “Чөлөөт хос” инээдмийн мюзикл жүжиг манай театрын бүтээл тав дахь жилдээ тоглогдох гэж байна. Бэлтгэл ажил маш сайн хангагдаж байгаа. Гэр бүлийн амьдралд тохиолддог бүхий л зүйлийг харуулдаг маш сонирхолтой жүжиг байгаа. Бэлтгэлээ хийгээд явж байна.
-Таны хувьд энэ жүжгийн гол дүрийг бүтээж байгаа. Анхны гол дүр үү?
-Хамгийн анх театрын дагалдан жүжигчин байх үед УГЗ Ч.Найдандорж найруулагч намайг өрөөндөө дуудаад “Чөлөөт хос” инээдмийн мюзикл жүжгийн зохиолыг унш” гээд өгсөн. Зохиолыг уншихад нөхөр, хүү, хүүгийн найз гэсэн дүрүүд байсан. Театрт дөнгөж орсон үе учраас “за би хүүгийн найзын дүр тоглох юм байна даа” гэж бодоод өнгөрч байлаа. Удалгүй найруулагч дуудаад “за зохиолоо уншсан уу” гэхэд би хүүгийн найзын хэсгийг уншсан гэж хэлсэн чинь “би чамайг бүтэн унш гэж хэлсэн биз дээ” гээд намайг загнадаг юм байна. Үүний дараа Ц. Баясгалан эгч бид хоёрыг өрөөндөө дуудаад “Чөлөөт хос” жүжгийн гол дүрээр та хоёрыг сонголоо” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод маш их баярлаж байлаа. Анхны гол дүр болоод ч тэр үү би энэ жүжигт их хайртай. “Чөлөөт хос” жүжиг тоглогдоно гэж дуулах бүрт л баярладаг.
– Ц.Баясгалангийн хувьд театрт олон жил ажиллаж байгаа туршлагатай чадвартай жүжигчин. Тэр ч утгаараа хамтран дүрээ бүтээхэд дөхөм байсан болов уу. Ер нь театрын ахмад жүжигчид хэрхэн зөвлөж, дэмждэг вэ?
-Шинэ залуу жүжигчдэд партнер чухал. Анхны гол дүр бүтээсэн жүжиг учраас хичээж ажилласан. Ц.Баясгалан эгч бид хоёрын зуны амралт эхэлчихсэн байх үед жүжгийн зохиолоо авч байлаа.
Зохиолоо уншиж байхдаа Ц. Баясгалан эгчээс “эгчээ би яах бол, харагдах байдлын хувьд би одоо таниас дүү харагдах уу олон жил ажилласан туршлагатай жүжигчинтэй хамтарч тоглох болохоор дүү нь эмээгээд байна” гэсэн чинь Ц.Баясгалан эгч “тэгж болохгүй шүү, миний дүү. Энэ жүжиг олон дүртэй биш. Бүтэн хоёр цагийн турш хоёулаа жүжгийг эхнээс нь дуустал нуруун дээрээ үүрч авч явах учраас чи одоо ийм айдастай намайг эхнэр гэсэн нүдээр харахгүй шүү” гэж хэлж зөвлөсөн.
–Италийн нэрт зохиолч Дарио Фогийн Мамбреттогоор нэг зүйлийг хэлэхийг хүссэн байх. Та дүрээрээ үзэгчдэд юу харуулахыг зорьсон бэ?
– Европ, Ази хүний сэтгэлгээ хоёр өөр. “Чөлөөт хос” инээдмийн мюзикл жүжгийг Азид тэр тусмаа Монгол хүний амьдрал дээр тавиад үзэхээр тэс өөр байдаг л даа. Итали гэр бүлийн амьдралд тохиолддог гэр бүлээс гадуурх харилцаа нийгэмд нь байсан болохоор Дарио Фо зохиолч эмзэглэсний үүднээс зохиолоо бичсэн байх. Жүжгийн сургуулилтын явцад дүрийн судалгаа хийсэн. Гэр бүлтэй, гэр бүлгүй найзуудаас гэр бүлийн гадуурхах хоёр дахь ч харилцааг зөвшөөрөх үү гэхэд 100/30 хувь зөвшөөрнө гэж хариулсан. Энэхүү жүжиг хэдийгээр инээдмийн жүжиг боловч цаана нь эмгэнэл нуугдаж байгаа. Эхнэр, нөхөр хоёрт нуух ёстой, нууц гэж байдаг. Энэхүү нууцыг тайзан дээр ил болгоход нууц биш болох юм.
Үзэгчдийн захиалгаар их тоглогддог. Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр албан байгууллагуудын эрчүүд эмэгтэйчүүдээ баярлуулах гээд захиалж үзүүлж байсан. Бүсгүйчүүдийн бах тавыг хангасан, муу сайн нөхрүүд хохьчин ээ гэдэг. Хүүхнүүд “Чөлөөт хос” жүжгийг үзээд инээгээд нүд нь гялалзаад гардаг. Энэхүү жүжгийг үзсэн эрчүүд нэгийг бодоосой, бүсгүйчүүд амьдралдаа шинэчлэлт хийгээсэй. Адаглаад нөхрийгөө ажлаас нь ороод ирэнгүүт нөгөө л нэг хийдгээ хийгээд суулгүй, гэр орныхоо ажлаасаа нэг ч гэсэн удаа холдоод уруулаа будаад, өндөр өсгийт, биеэ барьсан даашинз өмсөөд алхчихдаг байгаасай. Эмэгтэй хүн амьдралаа өөрөө цэцэглүүлдэг, үр жимс, ус агаар нь байх ёстой. Бүсгүйчүүд маань ирж үзээд үүнийг ойлгоосой л гэж хүсч байна.
-Өнгөрсөн зун “Чөлөөт хос” жүжиг ОХУ-ын Якут улсын П. А. Ойункогийн нэрэмжит Драмын Эрдмийн акедемик театрын тайзнаа тоглогдсон. ОХУ-ын ард түмэн, уран бүтээлчид хэрхэн хүлээж авсан бэ?
– ОХУ-ын Якут улсын театрт хоёр өдөр тоглосон. Якутчууд өөрсдөө үндэстнийхээ өв соёлыг хадгалсан жүжгүүдээ түлхүү тоглодог. Хэр баргийн орчин үеийн жүжгийг тайзнаа тавьдаггүй. Тавьсан ч үзэгчид нээх үздэггүй юм байна л даа. Харин манай жүжгийг театр дүүрэн үзсэн. Бид синхроны орчуулгатай тоглосон. Яг Монголдоо тоглож байгаа юм шиг үзэгчдийн алга ташилтаар тасраагүй. Жүжгийг дууссаны дараа бидэнд театрын найруулагч нь “манайхан ийм жүжгийг бараг үздэггүй шүү дээ. Ингэж инээд хөөртөйгээр үзэж байгаагүй” гээд биднийг магтсан.
-Мамбреттог шиг залуус энэ нийгэмд олширсон байгаа харагддаг. Та гэр бүлтэй хосуудад хандаж залуу хүний хувиар юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Анх “Чөлөөт хос” жүжгийг тоглогдож байх үед би гэр бүлгүй байсан. Өнөөдрийн Э.Тодгэрэл бол гэргийтэй. Өмнө нь би ажлаа тарчихаад хийх юм байхгүй завтай байх үедээ гадуур тэнэдэг байсан. Харин одоо бол гэр бүлтэй болчихсон болохоор гэр лүүгээ яардаг болж. Гэрт намайг эр хүн гэж хүндэлдэг, надад хайртай хүн хүлээж байгаа шүү гээд өөрийн эрхгүй гэр лүүгээ яардаг болсон байна. Өглөө босоод гэргийгээ үнсчихээд ажилдаа явахад тухайн өдрийн ажил үйлс бүтэмжтэй байдаг.Түүнчлэн ажил дээрх ажлын бүтээмж сэтгэлгээ нэмэгддэг. Миний хувьд гэр бүлээс гадуурхах харилцаатай санал нийлдэггүй. Өөрөө ч тийм байхгүй юмсан гэж боддог. Залуучуудад хандаж хэлэхэд алдаа дутагдалгүй гэж хүн байхгүй. Алдаагаа л дахин битгий давтаарай. Хосууд нэгнийгээ үргэлж гоёор хараад, өдөр болгон шинээр дурлаж байгаа юм шиг бие биенээ хайрлавал гэр бүлийн салалт үүсэхгүй байх. Сүүлийн үед хосууд хоорондоо ярилцахаа болчихсон юм шиг санагддаг. Хамгийн гол бие биетэйгээ ярилцаж байж учраа олно. “Чөлөөт хос” жүжиг сүүлийн үеийн Монголын гэр бүлийн амьдралтай агаар дөхөөд л байгаа шүү.
-Жүжигчин Э.Тодгэрэлийг чөлөөт цагаараа шүлэг бичдэг гэж сонссон. Яруу найрагт хэзээнээс дурлах болов?
–Хүүхэд байхдаа “Уран жиргээ”, “Хүрэл тулга” зэрэг наадмуудад их ордог байсан. Хааяа санаанд орсон мөртөө бичдэг. Театрт орсноосоо хойш шүлэг оролдоогүй юм байна. Заримдаа гэнэт хэдэн мөр ороод ирдэг юм.
-Шүүдрээд буюу эхнэртэй зориулж шүлэг бичив үү?
– Эхнэртээ бол байнга зохиодог. Эмэгтэй хүний чих арай түрүүлж баясдаг юм шиг байгаа юм. /инээв/ Ер нь эмэгтэй хүн бол сонсож, дасаж, дурладаг шүү дээ. Манай театрын “Тамгагүй төр” жүжигт гардаг хаан эхнэртээ зориулж “Амь тавин олдсон ганц эрдэнэ минь, Алганы хээг даган бөмбөрсөн амин хайртай сувд минь” гэж хэлдэг. Энэ мөртийг хааяа уншиж өгдөг юм. Тэгэхээр ямар гоё юм бэ гэдэг. Ер нь бол эхнэртээ шүлэг зохиож өгөх дуртай.
Г.Нараа