Өнгөрсөн ням гаригт БНСУ-ын K-pop одод Пёньянд хоёр Солонгосын соёлын харилцааг өргөжүүлэх зорилготой ээлжит тоглолтоо хийснийг Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун үзэж сонирхжээ.
Хоёр цаг үргэлжилсэн тоглолтыг Ким Жөн Ун, түүний эхнэр, дуучин асан Ри Сол Жу, охин дүү Ким Ёо Жон, Хойд Солонгосын албаны томоохон хүн гэгддэг Ким Ёон Нам нар үзсэн юм.
Гадны удирдагчидтай уулзаад ажлын завгүй хуваарьтай яваа Ким “Хоёр өдрийн тоглолтонд очих сонирхолтой байсан ч эхний өдрийн тоглолтыг л үзэх боломжтой болсон” гэсээр Өмнөд Солонгосоос ирсэн урлагийнхныг хүлээн авч уулзсан.
Энэ үеэр охидын “Bad Boy”, “Red Flavour” дуугаа дуулж сонирхуулсан Red Velvet хамтлагийнханд баяр хүргэж, Пёньяны иргэдэд урлагийн тоглолт үзүүлсэнд талархалтай байгаа төдийгүй ирэх намар Хойд Солонгосын урлагийн төлөөллүүдийг Өмнөд Солонгос руу илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн бусад хамтлаг, дуучдын хамт дурсгалын зураг татуулжээ.
Өмнөд Солонгосын дуучдын дууг даган дуулж байсан үзэгчдийн дунд гадны соёлын нөлөөг хязгаарлах бодлого явуулдаг Ким Жөн Ун болон түүний гэр бүл алгаа ташин байсан нь дэлхийд түгсэн K-pop Хойд Солонгост ч хүчтэй нөлөөтэй байгааг харуулсан юм.