Их Британид амьдарч байсан Оросын тагнуулч асан С.Скрипалийг хордуулсан хэрэг АНУ, Орос хоёр орны харилцаанд сэв суулгаад буй. Их Британийн тал Оросын дипломатчдыг нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргасан.
Тэрээр Их Британийн талд тагнуул хийж байсан нь илчлэгдэж, Оросын тагнуулуудын мэдээллийг задруулсан, “Эх орноосоо урвасан” гэх хэргээр Москвад ял шийтгүүлж байсан ба 2010 онд АНУ болон ОХУ-ын хоорондох тагнуулын солилцооны дараа Их Британи түүнд улс төрийн орогнол олгосон байна. Тэр цагаас хойш Скрипаль Их Британид суурьшин амьдарч байсан юм.
Өнгөрсөн ням гаригт АНУ-ын Сиэтл дэх Оросын дипломатчдыг албадан гаргасан төдийгүй ОХУ-ын Консулын газрыг хаасан. Өөр хэдэн орон ч Оросын дипломат ажилчдыг нутгаасаа гаргах шийдвэр гаргасан.
Үүний хариуд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын мөн тооны дипломатчдыг нутгаасаа гаргах болсноо мэдэгдсэн. Түүнчлэн Санкт-Петербург дэх АНУ-ын ЭСЯ-ыг хаах болсноо зарлажээ. Ямартай ч хоёр орны төрийн тэргүүнүүд биечлэн уулзах тов гарчээ.
В.Путин, Д.Трамп нар өнгөрсөн онд ХБНГУ-д болсон Их 20-ын уулзалтын үеэр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болоод Сири, Украин, зэрэг олон улсын тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцсон аж.
Д.Трамп өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр В.Путинтай утсаар холбогдсон билээ. Тухайн үед тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон В.Путинд баяр хүргэнгээ Вашингтонд урьсан байна.
Энэ талаар Кремлийн ордноос уржигдар албан ёсоор мэдээлжээ. Харин В.Путины хэвлэлийн албаны төлөөлөгч Д.Песков уулзалтыг зохион байгуулах товын талаар тодорхой зүйл яригдаагүй хэмээн онцолсон.
Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд А.Антовын онцолсноор Д.Трамп ба В.Путин нарын хооронд өрнөсөн яриа дулаан уур амьсгалд болж, үр дүнтэй, бүтээлч байсан гэдгийг тодотгосон.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр орны удирдагчдын уулзалт олон асуудлыг шийдэх гарц болно гэж байгаа. Ю.Ушаков “Удахгүй уулзалтыг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг эхлүүлнэ гэж найдаж байна. Бидэнд зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлууд ч бий. Тиймээс Вашингтоны зүгээс зөв шийдвэр гаргана гэж найдаж байна” гэжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга С.Сандерс мэдэгдэхдээ “Хоёр талын уулзалтыг зохион байгуулах хэд хэдэн газрыг санал болгосон байгаа” гэв.