ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарч байгаа тухай Их Британийн Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард мэдэгджээ. Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Сергей Скрипалийн бие сайжирч байгаа. Түүний бие Юлиягаас илүү удаан тэнхэрч байгаа хэдий ч эмнэлгээс хугацаандаа гарна гэж бид найдаж байна” ярьжээ.
Өнгөрсөн 3 дугаар сарын 4-ны өдөр Оросын цэргийн тагнуулын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг Лондоны дагуул хот болох Солсбери хотын худалдааны төвийн ойролцоох сандал дээр ухаангүй хэвтэж байсныг харсан иргэд цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. “Новичок” гэдэг хорт хийгээр Скрипаль болон түүний охиныг хордуулсан гэж Их Британийн мөрдөн байцаагчид дүгнэсэн юм.