АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт товлогдсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцаллаа. Энэ тухайгаа Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид захидлаар мэдэгдсэн байна.
Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унд хүргүүлсэн захидалдаа” Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжоо алдлаа, цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа. Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаарх бодлоо өөрчилбөл над руу бичих юм уу, утсаар холбогдоорой” хэмээн бичжээ.
Харин энэ асуудалд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын орлогч Чхве Сон Хи “АНУ-ын талаас байр сууриа тодорхой илэрхийлээгүй тул энэ асуудал эргэлзээ төрүүлж эхэлсэн. Хоёр талын уулзалт боллоо гэхэд АНУ-ын байр суурь, шийдвэрээс ихээхэн хамааралтай болох байсан “гэж мэдэгджээ.