Өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Америкийн реалити шоуны од Ким Кардашян Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампад бараалхан хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял авсан 63 настай Алис Мэри Жонсон эмэгтэйг өршөөлд хамруулах асуудлаар уулзаж ярилцсан.
Тэгвэл Дональд Трамп Ким Кардашяны хүсэлтийг хүлээн авч хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байсан Алис Мэри Жонсонд өршөөл үзүүлэх шийдвэр гаргажээ.
Цагаан ордны мэдэгдэлд “Хатагтай Жонсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, 20 орчим жилийн турш үлгэр жишээ хоригдол байсан. Бүх насаар хоригдох ял авсан ч тэр шоронд маш сайн хүмүүжиж, бусад хоригдлуудад зөвлөгч болж байжээ. Гэмт этгээдүүдэд манай засаг захиргаа үргэлж хатуу ханддаг ч нийгэмд өрөө төлсөн, засрахын тулд хичээн хөдөлмөрлөж байгаа нэгэнд хоёр дахь боломжийг олгох ёстой” гэжээ.