Ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулсан АНУ-ын шийдвэрт Канад улс европын түншүүд болон Япон, Мексик улстай нэгдмэл байр суурьтай байна гэж Канадын гадаад хэргийн сайд Христя Фриланд мэдэгджээ.
“АНУ-ын ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулах шийдвэртэй холбоотой бидний байр суурь европын түншүүд болон Япон, Мексик улсын байр суурьтай нийцэж байна. Бид хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлаар Европын Холбоо болон Мексик улстай нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа. Энэ талаархи асуудлыг хэлэлцэхээр ЕХ болон Япон улстай уулзсан. Бид Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлсэн” гэж Х.Фриланд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Канад улсад болсон “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтын дүнд баталсан үр дүнгийн албан ёсны мэдэгдлийг АНУ дэмжихгүй байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн юм. АНУ ган болон хөнгөн цагааны импортод татвар ногдуулсан нь нэг ёсондоо “доромжлол” юм гэж Канадын ерөнхий сайд мэдэгдсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа гэж Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэжээ. Харин ийм мэдэгдэл хийснээ Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо үгүйсгэж байгааг түүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Кэмерон Ахмад мэдэгдсэн байна.
“Их долоо” дээд хэмжээний уулзалт нь Канадын Квебек мужид энэ сарын 8-9-нд болсон юм.