Ангараг гаригт асар хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас уг гариг дээрх судалгааны төхөөрөмжтэй холбоо тасарсан тухай АНУ-ын сансар судлалын агентлагаас /НАСА/ мэдээлснийг “Эн-Эйч-Кэй” телевиз уламжлав.
Уг шуурга нь 5-р сарын сүүлээр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Ангараг гаригийн гадаргуугийн дөрөвний нэг буюу 35 сая хавтгай дөрвөлжин километр талбайг хамраад байгаа аж. Энэ нь ойролцоогоор Умард Америк тив болон Оросын газар нутгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээ юм.
НАСА-гийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, судалгааны төхөөрөмжтэй ням гарагаас хойш холбоо тогтоож чадахгүй байгаа бөгөөд тоос шороо нарны тусгалыг хаасны улмаас нарны эрчим хүчээр цэнэглэгддэг төхөөрөмжийн цэнэг дуусч, эрчим хүч хэмнэх горимд шилжсэн аж. Шуурга намдах үеэр төхөөрөмжийг дахин ачаалахаар оролдох гэнэ.
Уг төхөөрөмж нь 2004 оны нэгдүгээр сард Ангараг дээр газардсан бөгөөд тус гарагийн геологийн шинж чанарыг судлахад асар их үүрэг гүйцэтгэсэн байна. НАСА-гийн ажилтны мэдээлснээр, шуурга хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа хэдий ч төхөөрөмжтэй дахин холбогдоно хэмээн ихээхэн найдаж байгаа ажээ.