ОХУ-д болж буй хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтууд эхэлсэн өдрөөсөө л олон янзын соёл иргэншил, аж амьдралтай, өөр үндэс угсаатай хүмүүсийг хэрхэн нэгтгэн нягтруулж, ойртуулж болдгийг илт харууллаа гэж Их Британийн “Sky News” телевиз мэдээлсэн байна. Москва хотод болсон эхний тоглолтын эргэн тойронд өрнөсөн үйл явдлаас тус телевиз ийм дүгнэлт хийжээ.
“Хөл бөмбөг хүмүүсийг хэрхэн нэгтгэн нягтруулж, ойр дотно болгодгийг харуулж чадсан нь ДАШТ-ний нээлтийн өдрийн анхаарал татсан үйл явдлын нэг байв. Улс төр, хуйвалдааныг түр хойш тавьснаараа та ДАШТ ямар агуу хүчирхэг тоглолт болохыг анзаарах болно. Олон нийтийн дунд дуулж, бүжиглээд байдаг хүмүүст Оросууд тийм ч сүрхий ханддаггүй.
Гэсэн хэдий ч өчигдөр “Лужники” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох хөгжөөн дэмжигчдийн зугаацах бүст жинхэнэ ийм зүйл тохиож, бөөн баяр хөөр болов. Өчигдөр болсон тоглолтод эзэн орны баг Саудын Аравийн багийг 5:0 оноогоор хожсон билээ. Олон мянган хүний бүрэлдэхүүнтэй Перугийн хөгжөөн дэмжигчдээс баяр хөөр, бүжиг наадмын эхлэл тавигдаж удалгүй Коста-Рика, Аргентин, Бразили болон Мексикийн хөгжөөн дэмжигчид тэдэнтэй нэгдэж эхэлсэн” гэж “Sky News” телевиз мэдээлсэн байна.