АНУ болон Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиг шугамыг баримталдаг гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Бээжин хотод хийсэн айлчлалынхаа дүнд мэдэгджээ.
“БНХАУ-ын дарга Си Жиньпин намайг хүлээн авч уулзсанд талархаж байна. АНУ болон Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, бүс нутагт урт хугацааны, тогтвортой энх тайван байдлыг бий болгох чиг шугамыг баримталдаг” гэж М.Помпео “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрбээр Өмнөд Хятадын тэнгист тэргүүн шугам дахь цэргийн харуулын цэгүүдийг барьж байгуулж, зэвсэглэж байгаад АНУ-ын эрх баригчид санаа зовж байна гэж мэдэгдэхийн сацуу хоёр улсын худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцааг Д.Трампын засаг захиргаа шударга бөгөөд тэнцвэртэй байлгахыг зорьж байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Энэ айлчлал нь М.Помпеогийн Хятад улсад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар хийсэн анхны айлчлал нь юм. Тэрбээр Умард Солонгосын асуудлаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзалт хийснийхээ дараа, шууд Бээжин хотыг зорьсон байна.