ОХУ болон Египетийн шигшээ багийн хооронд болох тоглолт өчигдөр орой Санк-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг зөнч Ахилл муур гүйцэтгэж байгаа юм.
Өмнө нь тэрбээр ОХУ-ын Саудын Арабтай хийсэн тоглолт болон Ираны Мароккотой хийсэн тоглолтын үр дүнг зөв таамагласан. Муурны өмнө хоёр тавагтай хоол тавьж, тавагны хажууд хоёр улсын далбааг байрлуулжээ. Энэ үед Ахилл муур аль нэгийг нь сонгох ёстой байсан бөгөөд тэрбээр ОХУ-ын далбаатай таваг руу дөхөн очсон юм. ОХУ-ын шигшээ баг Саудын Арабыг 5:0-оор хожсон билээ.
Цасан цагаан, дүлий Ахилл муур өмнө нь 2017 оны Холбоодын цомын тэмцээний зөнч амьтнаар сонгогдож байжээ. Түүнчлэн Бакстер зөнч робот, Доод Новогородын амьтны хүрээлэнгийн Клеопатра тапир буюу сэлэгз, Калининградын Миля усны үхэр, Эрхүүгийн Нафаня элбэнх, Сочигийн Пушик туулай зэрэг амьтан Хөл бөмбөгийн ДАШТ-ийн тоглолтуудын үр дүнг өмнө нь зөгнөж байсан аж.
Египетийн багийн хувьд заавал 3 оноо хэрэгтэй байлаа. Харин Оросууд Уругвайтай уулзахын өмнө 6 оноо байхын тулд хожихын төлөө бүх хүчээ шавхан тоглосон юм. Энэ нь үр дүнд хүрэн Египетийг 3:1 харьцаагаар хожин хоёр дахь ялалтаа байгууллаа.
Тоглолт эхлээд Оросууд өмнөх тоглолт шигээ өндөр хурдаар бөмбөг эзэмшиж цоглог тоглож эхэлсэн. Аль аль нь харилцан довтолж, маш хурдтайгаар хойшоогоо шилжин байсаар эхний үе өндөрлөв.
Хоёрдугаар үе эхлээд Роман Зобнингийн цохилтыг Египетийн ахлагч Фатхи хамгаалах гэж байгаад өөрийн хаалганд оруулав. Үүнээс 12 /59/ минутын дараа Самедов, Фернандесийн дамжуулалт Денис Черышев дээр ирэн тэрбээр дахиад гоол оруулав. Үүндээ урамшсан Оросууд үргэлжлүүлэн дайрсаар 62 дахь минутад А.Зюба өндөр нуруугаа ашиглан тооны харьцааг 3:0 болгов.
Египетүүд 11 метрийн цохилт хийн Салах гоол оруулсан ч тэдэнд хангалттай их цаг байсангүй. Довтолгоо нь ч болсонгүй. Ийнхүү Оросууд гэртээ тоглож байгаа давуу талаа бүрэн ашиглаж хамгийн түрүүнд шөвгийн 16-д шалгарав. Эрхээ авсан Оросын Д.Черышев 3 гоолтойгоор К.Роналдутай хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.