Шанхай хотын Тээврийн их сургуулийн эрдэмтэд зүрх-судасны өвчнүүдийг оношлох шинэ аргыг боловсруулсан байна. Энэ арга нь одоо анагаах ухаанд хэрэглэж буй аргуудаас 33 хувиар илүү үр дүнтэй байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
QFR (Quantitative Flow Ratio) гэдэг энэ аргыг хэрэглэх зөвшөөрлийг Хятадын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын ерөнхий газар өгсөн байна. Өвчтөний зүрх-судасны системийн рентген зургуудад анализ хийхэд суурилсан энэ арга нь судас нарийссан эсэх, цус бүлэнтсэн эсэхийг богино хугацаанд тодорхойлох боломжийг олгож байна.
QFR аргаар клиник туршилт хийх явцад өвчтөний зүрхний титэм судсанд бүлэн үүссэнийг 4-хөн минутын дотор оношилж чадсан нь одоо хэрэглэж буй аргуудаас 33 хувиар илүү үр дүнтэй байжээ.
Хятад улсад одоогоор хамгийн түгээмэл хэрэглэж буй арга бол рентген-коронарографийн шинжилгээ бөгөөд судасны нарийсал болсон цэгийг илрүүлж, нарийслын зэргийг тогтоодог. Гэвч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ арга нь өртөг өндөртэй ба хэрэглэхэд нарийн түвэгтэй ажээ.
2017 оны албан ёсны мэдээллээр, Хятадад 290 сая гаруй хүн зүрх-судасны өвчнөөр өвчилсөн байгаагийн дотор 11 сая гаруй хүн зүрхний цусан хангамжийн дутагдал өвчнөөр шаналж байна.