АНУ-ын алдарт дуучин Арета Франклиний бие тун хүнд байгаа бөгөөд Мичиган муж улсын Детройт хотын эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Түүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнтэй ойр байж, сэтгэл санаагаар дэмжиж байгаа ба цахим сүлжээнд найзууд нь хийгээд мэргэжил нэгт уран бүтээлчид сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм байна.
Хөгжмийн Соул урсгалын хатан хаан хэмээн нэрлэгддэг, 76 настай А.Франклин энэ оны эхээр хийхээр төлөвлөөд байсан тайлан тоглолтуудаа эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцалсан аж.
Өнгөрсөн онд тэрбээр шинэ цомог гаргасныхаа дараа аялан тоглолт хийхээ болихоор төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдэж байсан юм байна. Түүнтэй олон жил нөхөрлөсөн нэгэн дотны найз нь долоо хоногийн өмнө “Түүний бие тун хүнд байна. Бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж хэлсэн тухай “ТМZ” цахим хуудас мэдээлж байжээ.