Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон Гёнжжи муж болон өмнөд талын эрэг дагуух хотуудад хүчтэй хар салхи улмаас онц байдал зарлажээ. Солонгосын цаг уурын хүрээлэнгийн мэдээлж байгаагаар салхины хамрах хүрээ 320 км радиуст байгаа бөгөөд агаарын даралтын хэмжээ 970 гПа байгаа аж. Өчигдөр өглөөнөөс эхлэн Сөүл болон Гёнжжи мужид аадар бороо орж эхэлсэн байна.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас гадаад болон дотоодын 600 нислэг цуцлагджээ. Нислэг цуцлагдсантай холбоотойгоор Гимпо, Гимхе, Инчон дахь нисэх буудлууд ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрсэн байна. Түүнчлэн Сөүл, Инчон, Гангвон хотуудад 1500 сургууль үүд хаалгаа барьж, Чежү арлын баруун хэсэг бүхэлдээ гадаад орчноос тусгаарлагдсан ажээ. Чежү арлын тус хэсэгт оршин суудаг 6500 гаруй айл гэрэл цахилгаангүй болсон байна.
Хар салхи дэгдсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Же Ин онц байдал зарлаж иргэдийг болзошгүй аюулаас аль болох сэргийлэх, нутгийн захиргааны байгууллагууд анхааралтай ажиллахыг сануулжээ.