Холливудын одод хийгээд өөр бусад алдарт хүмүүсийн 200 гаруй “iCloud” хаягийг хакердсан АНУ-ын Коннектикут муж улсын Умард Бранфорд хотын оршин суугч Жорж Гарофано гэгчид Брижпорт хотын холбооны улсын шүүхээс 8 сар шоронд хорих ял ногдуулсан байна.
Тэрбээр шоронгоос суллагдсаны дараа 3 жилийн хугацаанд цагдаагийн газрын хяналтад байж, нийгмийн тустай 60 цагийн хөдөлмөр эрхлэх аж.
Ж.Гарофано нь 2014 онд Женнифер Лоуренс, Кирстан Данст, Кейт Аптон болон өөр бусад хүний хувийн зургуудыг хакердан авч, олон нийтэд дэлгэсэн хэргээр баривчлагдаж байсан 4 этгээдийн нэг юм байна.
Тэд “Apple” компанийн нэрийг ашиглан хэрэглэгчийн нэр болон нууц үгээ илгээхийг хүссэн хуурамч цахим захидлыг илгээдэг байсан байна. Яллагдсан этгээд өнгөрсөн дөрөвдүгээр сард гэм буруутайгаа хүлээж, өршөөл хүссэн ажээ.