Эцэг эхчүүд анхлан сургууль цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдээ уйлах үед нь маш их санаа зовдог. Ялангуяа 2-3 настай хүүхдүүдийн хувьд уйлах нь нийтлэг байдаг. Энэ нь эцэг эхтэйгээ юмуу асран халамжлагчтайгаа бат бөх харилцаатай буюу ээнэгшин дассан хүүхдүүдийн хувьд хэвийн үзэгдэл юм.
Эсрэгээрээ ээж аавыгаа юмуу багшийг тоохгүй өөрийгөө саатуулж байгаа хүүхдүүдийн хувьд эцэг эх асран халамжлагчдын бат бөх харилцаа үүсээгүйг харуулж байдаг. Энэ нь үл таних орчин дахь хүүхдийн хариу үйлдэл гэсэн судалгаагаар батлагдсан байдаг.
Хэрвээ 3 наснаас доош настай хүүхдүүд 2 долоо хоногоос дээш хугацаагаар уйлж цэцэрлэгт явах хүсэлгүй байгаа бол сэтгэл зүйн хувьд бэлэн биш байгаагийн шинж юм.
Хүүхдийн цэцэрлэгт явахад тохиромжтой нас бол 3 нас байдаг.
Хүүхэд уйлах үед ямар хариу үйлдэх нь чухал
Хүүхдийг уйлах үед эцэг эхчүүд болон багшийн зүгээс төвөгшөөсөн байдлаар хандах нь түгээмэл байдаг. Тиймээс дуугуй бай, юундаа уйлдаг юм, том хүүхэд байж юмуу эрэгтэй хүүхэд уйлдаггүй юм гэсэн нийтлэг хандлагыг томчууд гаргадаг. Энэ нь асуудал хүүхдэд бус томчуудад байгааг илтгэдэг.
Хүүхдийг уйлах үед нь дуугуй бай эсвэл уйлдаггүй юм гэж хэлэхийн оронд миний хүүхэд яасан? Юу нь хэцүү байна? Ээж аав нь яаж туслах уу? Ямар санагдаж байна? Гэх мэтчилэн асууж хүүхдээ хариулах боломжийг олгоорой. Ингэснээр хүүхэд өөрийнхөө мэдрэмжийг гадагшлуулснаар тайвширдаг. Уйлах нь өөрөө муу зүйл биш харин ч хүн уйлж байж тайвширдаг.
Өдөр бүр хүүхдийнхээ сэтгэл санааны хэрэгцээг хангах нь чухал
Хүүхдүүдэд зөвхөн сургуулийн эхний өдрүүдэд санаа тавилт хэрэгтэй биш тухайн жилийн туршид тэдний сэтгэл санааг ойлгон дэмжин туслах нь чухал байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээсээ өдөр бүр хичээлээсээ тараад ирсний дараа дараах асуултуудыг асуух нь тустай байдаг. Өнөөдөр ямар баяртай үйл явдал тохиолдов? Ямар гунигтай үйл явдал тохиолдов? Өнөөдөр ямар нэг хэцүү зүйл тохиолдов уу? гэх мэт. Эдгээр асуултуудад хариулснаараа хүүхэд тухайн өдрийнхөө сэтгэл санааны байдлыг хуваалцаж улмаар тайвширдаг. Хүүхэд хэн нэгэнд дотроо болж байгаа зүйлийг хуваалцахгүй удаан явснаар сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийнхээ танд хуваалцаж байгаа зүйлийн цаана ямар мэдрэмж байгааг нь анхааран сонсоорой.
Сургалтын хөтөлбөр ба орчноос илүү багшийн харилцаа чухал
Сэтгэл зүйн цочрол ба гэмтэл авахад хамгийн эмзэг нас бол 0-5 нас байдаг. Сүүлийн үед сургалтын хөтөлбөр болон орчныг чухалчлах болсон ч хүүхдийг сэтгэл зүйн хувьд эрүүл хөгжиж төлөвшихөд багшийн харилцаа хамгаас чухал байдаг.
Ялангуяа ясли цэцэрлэгийн багш нь хүүхдийг загнаж зандрах, шийтгэл оногдуулах, гар хүрэх, хүчээр хоол идүүлэх юмуу хүчээр аливаа зүйлийг хийлгэх зэрэг нь хүүхдэд сэтгэл зүйн дарамтыг үүсгэдэг.
Хүүхэд цэцэрлэг сургууль дээрээ ямар нэгэн дарамттай байгаа эсэхийг дараах шинж тэмдэгүүдээр таньж мэдэж болдог. Үүнд:
Бага насны хүүхэд өөрийнхөө сэтгэл санааг ийм байна тийм байна гэж илэрхийлдэггүй харин тоглоом тоглож байхдаа юмуу зураг зурахдаа илэрхийлэх хандлагатай байдаг.
Хүүхэд байнга буу шийдэм, гал гарч байна гэж тоглож байвал ямар нэгэн зүйл болохгүйг илтгэж байдаг.
Хүүхэд гэртээ ердийн үед огт өмдөндөө шээж баадаггүй байж байгаад шээж баах, хар дарж зүүдлэх, уур уцаартай болох, уйлагнах, ямар нэгэн таагүй сэдэвтэй зураг зурах үүнд алаан хядаан, осол, үхэл хагацал гэх мэт багтана.
Сэтгэл зүйч Т. Хонгорзул