Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Володимир Зеленськийн тангараг өргөх ёслол өчигдөр /2019.05.20/ Дээд Радагийн танхимд боллоо. Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлж, төрийн дуулал эгшиглэсний дараа Зеленський 16-р зууны үед бичигдсэн үндсэн хуулийн гар бичмэл, Евангелийн судар дээр гараа тавин тангарагаа өргөж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчийн тамга тэргүүтэй албан ёсны бэлгэ тэмдгүүдийг хүлээн авсан байна.
Украины найруулагч, хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч, 41 настай Володимир Зеленський нь өнгөрсөн сарын 21-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн шатны хоёрдугаар шатны санал хураалтад ард иргэдийн 73,7 хувийн дэмжлэгийг авч тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.