БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран хоёр дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд энэ жил нийт 67 улс орны 3893 аж ахуйн нэгжүүд оролцохоор Шанхай хотод ирсэн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Энэхүү “Экспо”-гийн үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны хүрээнд Монгол Улсын павильоныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Уул уурхай, хүнд үйлдвэр, Аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааг харуулсан агуулгаар энэ жил анх удаагаа гаргаж байгаа юм.
“Хятадын Олон улсын импортын экспо” нь Хятадын засгийн газраас гадаад худалдааг сурталчлах, зах зээлээ илүү нийтэд нээлттэй болгохыг тууштай дэмжиж буйг илэрхийлсэн санаачлага бөгөөд жил бүр зохион байгуулснаар дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, нээлттэй дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой юм.