Узбекистанд 2020 оны их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулахаар болсныг тус улсын Шалгалтын ерөнхий төвөөс мэдэгджээ.
Тус төвийн хэвлэлийн алба коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон байгаа хөл хорионы дэглэм их, дээд сургуульд элсэгчдийн бэлтгэлийн явцад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгааг онцлоод энэ онд их, дээд сургуульд элсэгчдийг цахимаар бүртгэж, элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр богино хугацаанд зохион байгуулахаар болсныг мэдэгдсэн байна.
2020 оноос их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг 5 хичээлээр буюу заавал өгөх 3, сонголтоор өгөх 2 байхаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас энэ онд элсэлтийн шалгалтыг 2 хичээлээр элсэгчид өөрсдөө сонгож (заавал өгөх хичээлгүйгээр) өгөхөөр болжээ.
Түүнчлэн элсэлтийн шалгалтын байранд нэг дор шалгалт өгөх хүний тоо дээд тал нь 700 байхаар мөн элсэгч тус бүрт ногдох талбайг доод тал нь 3 метр байхаар тогтоосон байна. Шалгалтын байранд дор хаяж дөрвөн удаа халдваргүйжүүлэлт хийхээр тогтсон байна. Ариун цэврийн шаардлагыг харгалзан шалгуулагчид маск, бээлийтэй шалгалтаа өгөх бөгөөд шалгуулагч биеийн халууныг хэмжүүлсний дараа шалгалтын байранд нэвтрэн орох юм байна.