Америкийн реалити-шоуны од Ким Кардашьяны нөхөр рэпер Канье Уэст АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөхөөр нэр дэвшигчийн бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгээ Нью-Жерси муж улсад бүрдүүлэн өгчээ. Энэ тухай тус муж улсын сонгуулийн комиссын цахим хуудаст мэдээлсэн байна.
Ирэх арван нэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд дор хаяж 800 хүний гарын үсгийг цуглуулсан байх шаардлагатай бөгөөд Канье Уэст Нью-Жерси муж улсад сонгогчоор бүртгэгдсэн 1327 хүний гарын үсгийг цуглуулж чадсанаар энэ босгыг амжилттай давжээ.
Мөн Канье Уэст Нью-Жерси муж улсад бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэх эцсийн хугацааг дуусахаас өмнө бүртгүүлж амжсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль арван нэгдүгээр сарын 3-нд болох юм. Сонгуульд дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден Ардчилсан намаас, одоогийн төрийн тэргүүн Дональд Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвшигчээр оролцох төлөвтэй байна.