ОХУ-ын хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил энэ аравдугаар сард эхлэхийг тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр зарлажээ. ОХУ-ын нийт иргэнийг вакцинжуулах бүх зардлыг тус улсын Засгийн газраас гаргахаар болсон байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко энэ талаар “Хүн амын дунд явуулах коронавирусийн эсрэг вакцинжуулалтын бүх зардлыг улсын төсвөөс гаргахаар болсон. Вакцинжуулалтыг шат дараатай явуулна” гэжээ.
Нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, багш нарыг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгааг эрүүл мэндийн сайд Михайл Мурашко мэдэгдсэн байна.Москва хотын Гамелейн нэрэмжит Эпидемиологи, Микробиологийн Хүрээлэнд бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтууд амжилттай дууссан тул вакцинжуулах төлөвлөгөөг зарлаж байгаа ажээ.
“Вакциныг албан ёсоор бүртгэж, зөвшөөрөл олгох бичиг цаасны ажил эхлээд байна” гэж Михайл Мурашко мэдэгдсэн байна.Новосибирскийн Вектор судалгааны лабораторид бүтээж буй өөр нэг вакцины туршилт бас амжилттай үргэлжилж байгааг тэр хэлсэн юм.
Ердийн үед вакцин бүтээх ажил хэдэн жил үргэлжилдэг боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас түргэвчилсэн горимд ажиллаж, 18 сарын дотор гаргах боломжтой гэж Оросын албаныхан тайлбарлаж байна.