Америкийн Майкрософт компани TikTok аппликейшнийг эзэмшдэг Хятадын ByteDance компанитай хийж байсан хэлэлцээгээ зогсоосон байна.
Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл гаргасны дараа Хятадын компанийн АНУ дахь салбарын хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах хэлэлцээ зогссон тухай Wall Street Journal сонин мэдээлжээ.
Үүнээс өмнөхөн “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр бол, Майкрософт компани Тик Ток-ийг бүхэлд нь худалдан авахаар хэлэлцээ хийж байсан энэ үед Д.Трамп АНУ-д Тик Токийн сервисийг хориглохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Блүүмбэрг агентлагийн мэдээлснээр, Майкрософтоос гадна өөр нэгэн томоохон компани, түүнчлэн зарим хөрөнгө оруулагчид Тик Ток-ийн хувьцааг ByteDance компаниас худалдан авахаар сонирхож байжээ.
Wall Street Journal сонинд бичсэнээр, хэлэлцээ дуусаагүй бөгөөд Цагаан ордон байр сууриа албан ёсоор зарлахыг талууд хүлээж байгаа аж. Бямба гарагт Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэхдээ “Хятадын аппликейшний талаар цаашид ямар бодлого явуулах вэ гэдгээ засгийн газар үнэлэн тодорхойлж байгаа бөгөөд Тик Ток нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж магадгүй хэмээн болгоомжилж байна” гэлээ.
ТикТок-ийг эзэмшдэг Хятадын компанийн хувьд Трампын мэдэгдлийн дараа АНУ дахь сүлжээгээ хаалгахгүйн тулд Америк дахь салбарынхаа хувьцааг худалдах санал тавьсан байна.
ТикТок бол богино хэмжээний видео бичлэг хийж үзэхэд зориулсан аппликейшн юм. 2018 онд бүтээсэн уг аппликейшн нь Хятадын зах зээлд давамгайлж байгаа төдийгүй дэлхий даяар өргөн дэлгэрч байна.