ОХУ-ын Москва хотын зүүн урд Рязань мужид гарсан ой хээрийн түймэр армийн зэвсгийн агуулахад хүрч шатсанаар том хэмжээний дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн дараа ойр орчимд таван км-ын радиуст оршин суудаг 2,300 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн ойролцоох төв замуудыг хаажээ.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 400 гаруй гал сөнөөгч агуулахад гарсан галыг унтраахаар ажиллажээ. Хүчтэй дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрстсэн тохиолдол гараагүй ч таван хүн бэртэж гэмтсэн байна.
Онцгой байдлын яам хэт хуурайшилтын улмаас шатаж байсан өвс зэвсгийн агуулахад хүрснээр дэлбэрэлт болсон гэдгийг батлан мэдэгджээ. Агуулахад 75,000 тн зэвсэг хадгалагдаж байсан байна.
Дэлбэрэлтийн дараа тэнгэрт өтгөн хар утаа хөшиг татуулан харанхуйлжээ. Түймрийг бүрэн унтраахын тулд Москвагаас лхагва гарагийн орой нэмэлт хүч илгээжээ. ОХУ-д цэргийн зэр зэвсгийг хадгалдаг агуулах их байдаг ч аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс болж үүнтэй төстэй дэлбэрэлт их болдог гэж эх сурвалжид дурдсан байна.