Нобелийн шагналтнууд энэ 7 хоногт тодорсоор байна. Ген засварлах технологийг боловсруулсан эрдэмтэд химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн бол хар нүхийг судалсан эрдэмтэд физикийн нобелийн шагнал хүртлээ.
Химийн салбарын Нобелийн шагналыг Ген засварлах аргыг боловсруулсан эрдэмтэд хүртлээ
Ген засварлах технологийг боловсруулсан эрдэмтэд болох Эммануэль Шарпантье, Женнифер Дудна нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ гэж Шведийн Шинжлэх ухааны академийн Нобелийн хороо мэдээлжээ. Одоо Герман улсад ажиллаж байгаа Францын микро биологич Шарпантье, түүний хамтран зүтгэгч АНУ-ын биохимич Женнифер Дудна нар хэдэн жилийн өмнө өөрсдийгөө вирусээс хамгаалдаг молекулын “дархлааг” нянгаас олж илрүүлж, янз бүрийн организмын генийг яг зөв засварлахад ашиглаж чаджээ. Өнөө үед дэлхийн улс орнуудын эрдэмтэд тэдний “генийн редактор”-ыг ДОХ, удамшлын өвчин зэрэг хүнд өвчнүүдийг эмчлэх аргыг бий болгоход ашиглаж байна. Энэхүү арга нь молекулын шинжлэх ухаанд хувьсгал хийж, ургамлыг сонгон үржүүлэхэд шинэ боломжийг нээхийн зэрэгцээ хорт хавдрыг эмчлэх аргуудад шинэчлэл хийхэд хувь нэмрээ оруулсан бөгөөд удамшлын өвчнийг эмчлэх мөрөөдлийг биелүүлж чадна” гэж Нобелийн хорооны төлөөлөгч цохон тэмдэглэжээ.
Хар нүхийг судалсан эрдэмтэд физикийн салбарт Нобелийн шагнал хүртлээ
Английн физикч Рожер Пенроуз, Германы одон орны физикч Райнхард Генцель, Америкийн одон орон судлаач Андреа Гез нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналтнуудаар тодорлоо. Пенроуз хар нүх оршин байх нь харьцангуй ерөнхий онолын найдвартай таамаглал болж өгдгийг харуулсан нээлтээрээ, харин Генцель, Гез нар Сүүн замын төвд буй хэт хүнд масстай хар нүхийг нээснийхээ төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ гэж Нобелийн хорооны төлөөлөгч мэдэгджээ.
Харьцангуй ерөнхий онол нь хар нүхнүүд буюу таталцлын асар их хүч бүхий сансрын объектууд үнэхээр байдаг гэдгийг харуулдаг аж. Гэвч энэ онолыг нээсэн Альберт Эйнштейн хүртэл үүнд итгэдэггүй байжээ. Харин Рожер Пенроуз хар нүх үнэхээр байдаг гэдгийг 1965 онд нотолж, бүтцийг нь нарийн тайлбарласан байна.
Тэгвэл Андреа Гез, Райнхард Генцель нарын шинжлэх ухааны ололт амжилт нь манай галактикийн төвд орших хэт хүнд масстай объекттой холбоотой юм. Одон орон судлаачдын “Стрелец А” хэмээн нэрлэдэг энэхүү объект нь Нарнаас 4 сая гаруй дахин хүнд хар нүх бөгөөд халуун хийн үүлээр хүрээлэгдсэн байдаг аж. “Стрелец А” хар нүхийг огторгуйн дурангаар харах боломжгүй бөгөөд ийм хар нүх оршин байдгийг эрдэмтэд маш “тод” цацраг туяагаар олж мэдэж, дараа нь бусад спектр дэх цацрагийг бүртгэх замаар оршин байдгийг нь нотолжээ. Гез, Генцель нараар ахлуулсан эрдэмтдийн багууд хийн үүлэн дундуур энэ объектыг хэрхэн харахыг бодож олсон байна.