Далайхүү маань далай шиг сэтгэлтэй нэгэн байв

“ПАРЛАМЕНТ -30 ” 

Намайг оюутан байхад 1972 онд Их сургуулийн Математикийн бус салбарын оюутнуудын дунд зохион байгуулсан математикийн олимпиадад инженер эдийн засгийн факультетийн хоёрдугаар курсын оюутан Далайхүү түрүүлж, ЗХУ-д суралцах урилгаар шагнуулж гэнээ гэж дуулдаж байв. Гэтэл намайг 1979 онд Булган аймагт томилогдож очиход Далайхүү маань аймгийн төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр очоод, манай нутгийн Ёндонпунцаг гуайн охин Янжмаа эмчтэй гэр бүл болж, анхны хүүхдээ өлгийдөөд авчихсан байлаа. Тэр үеэс бид хоёр танил болж, олон жилийн  үерхлийн маань эхлэл тавигдаж билээ.

    1982 оны намар Булган аймагт Намын дээд сургуулиас багш нар очиж элсэлтийн шалгалт аваад хойтон хавар нь Далайхүү бид хоёрыг суралцуулах тухай мэдэгдэж, бид хоёр  намын сургуулийн байранд  хоёр жил гаруй хамт амьдарч, сургуулиа төгссөн юм.

    М.Далайхүү 1950 онд Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт малчны гэрт төрж өсөн,  сумынхаа бага сургууль, Хотонт сумын 7 жилийн сургууль, аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулиудад дамжин суралцаж төгсчээ. Улмаар МУИС-ийн Инженер эдийн засгийн факультетэд элсэн суралцсан байна.

    Анх сургуульд орохоосоо эхлээд Их сургуулиа төгстөл дотуур байрны хүүхдийн амьдралын нарийн ширийн жаргал зовлонг амсаж туулсан, арван жилээ алтан медальтай, Их сургуулийг улаан дипломтой, Намын сургуулийг онц дүнтэй дүүргэсэн тэрбээр их барилга, тариан талбай, саалийн ферм, сумын клуб, сургууль, эмнэлэг хаана л бол хаана “суръя, бүтээе, зохиоё” гэсэн уриан дор сурч хөдөлмөрлөж явсан ахмад үеийнхний ид бүтээн байгуулалтын он жилүүдэд хүүхэд бага насаа өнгөрөөж, эцэг эх, ахмад настан, ачит багш нарынхаа үгийг сүслэн дагаж биелүүлж явсан 50, 60-аад оны хөдөөгийн мянга мянган охид, хөвгүүдтэй нэг үеийнхэн билээ.

    Тоо бодохдоо толгой өвддөггүй, ном уншихдаа цаг харамладаггүй, элдэв муу зуршилгүй хүүхэд байсны хувьд багш нартаа хайрлагдаж, анги хамт олондоо хүндлэгдэж явсных, 15 жил ангийн дарга хийсэн нь сайн зохион байгуулагч, сайн дарга болохын урьтал байсан гэлтэй.

 1983-1985 онд Намын дээд сургуульд суралцан онц дүнтэй төгсөж, Намын Төв Хорооны хуваариар Булган аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга бөгөөд аймгийн Төлөвлөгөөний комиссын даргаар томилогдох болоод байв. Гэтэл тэр орой нь гадны нэг нөхөр оюутны байранд орж ирж агсан тавьсныг зохицуулах гэсний учир хуваарь нь өөрчлөгдөж, Архангай аймгийн Намын хороонд зааварлагчаар томилогдсон юм. Ингээд Архангай аймгийн Намын хороонд соёл боловсрол, эрүүл мэнд хариуцсан зааварлагчаар хоёр жил, дараа нь Хашаат сум нэгдлийн даргаар мөн хоёр жил гаруй хугацаанд ажиллажээ. 

Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдлийн даргаар ажиллахдаа улс даяар өрнөж байсан ”Малчдыг гэрээ түрээсээр ажиллуулах” кампанит ажилд төр, орон нутгийн байгууллагын удирдах ажилтнуудын анхаарлыг нэгэн зэрэг хандуулж чадсанаар богино хугацаанд нийтийн хүртээл болгож, малчид тариаланчдын идэвхийг өрнүүлэн гурван жилд нэгдлийн борлуулалтын орлогыг 2,3 дахин, балансын ашгийг 3,1 дахин нэмэгдүүлсэн байна. 

    Улмаар 1989 оны тавдугаар сараас Архангай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогчоор долоон сар ажиллаад, аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга бөгөөд аймгийн даргаар томилогджээ. Түүнийг аймгийн даргаар ажилласан жилүүдэд Архангай аймгийн төвд асфальто бетон завод, Их Тамир суманд эсгийний үйлдвэр шинээр байгуулагдсан нь өдгөө хүртэл ажиллаж байгаа цөөхөн үйлдвэрийн тоонд орно.

    1992 онд Монгол Улсад анхны Улсын Их Хурал байгуулагдахад М.Далайхүү Архангай аймгаас Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1994-1996 онд  Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар  ажилласан юм. Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан эдийн засгийн болон төрийн байгуулалтын тухай хууль тогтоомжууд, Татварын болон Байгаль орчны багц хуулиудын төслийг хэлэлцэн батлахад идэвхтэй оролцож, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Аж ахуйн нэгжийн тухай хуулийн төсөл  болон Газрын тухай хуулийн төслийг бусад гишүүдийн хамт санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьж батлуулжээ.

    Мөн 1996 онд Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа “Төрөөс хөдөөгийн талаар баримтлах бодлого”-ын үндсэн чиглэлийг санаачлан боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулж байсан бол 2003 онд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг  Улсын Их Хурлаар батлуулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байна.

    Улсын Их Хуралд хөдөөгийнхний талаар илүүтэй ярьж, тэдний бэрхшээл зовлонг ойлгуулж чаддаг цөөн гишүүдийн нэг нь М.Далайхүү байв. Тэрбээр 2000 онд сонгогч түмнийхээ итгэлийг хүлээн Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож ажиллахдаа Монгол-Зүүн Европын парламентын бүлгийн дэд дарга, Монгол-Орос, Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн байв.

    Энэ хугацаанд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Усны тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажилласны зэрэгцээ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төслийг гишүүдийн хамт санаачлан боловсруулж батлуулжээ. Мөн хөдөөгийн бодлогын асуудлаар онол практикийн бага хурал зохион байгуулж, “Төрөөс хөдөөгийн талаар баримтлах бодлого”-ын үндсийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн гишүүн.

    М.Далайхүү 1996-2000 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Улс төрийн хэлтсийн даргаар ажиллахдаа тухайн үеийн нийгэм, улс төрийн зөрчил, дутагдалтай байдлын талаар бодит тоо баримт, хөдөлшгүй нотолгоонд үндэслэсэн өгүүлэл, нийтлэлүүд бичиж  “Үнэн” сонины 1998, 2002 оны “Тэргүүний бичлэг”-ийн, “Хүмүүс” сонины идэвхтэн бичигчийн шагнал хүртэж байсан удаатай.

    Түүнчлэн Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллахдаа тухайн байгууллагуудад шинэчлэл хийх, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх талаар санаачлагатай ажиллаж, агентлагийн тулгамдсан асуудлуудыг шийдүүлж байв.

    Томилогдож ажилласан газар бүрдээ эвсэг найртай хамт олныг бүрдүүлж чаддаг авьяас, арга барил нь түүнийг төрийн түшээгийн зиндаанд хүргэсэн гэж хэлж болох юм. Хамт ажиллаж байсан хүмүүс нь өдгөө хүртэл “Манай дарга, удирдлагад байгаа хүмүүстээ өөрийн сурсан мэдсэнээ зааж сургах гэж үнэн санаанаасаа хичээдэг, аливааг зохион байгуулахдаа нэг хэвшмэл загвараар ханддаггүй, байнга шинэ санаа, шинэлэг арга барилыг эрэлхийлж, хүний ажил, амьдралын зовлон бэрхшээлийг ойлгож, тусалж дэмждэг хүн” гэж түүний гэрэл гэгээтэй талыг дурсаж байдаг юм билээ.

    Шатар шаггүй тоглочихдог, хөл бөмбөг үзэх их дуртай, бүжиг дажгүй эргэчихдэг, “Жаргалтайн дэлгэр”-ийг эвлэгхэн аялчихдаг,  онигоо сайхан ярьдаг анд минь урваж шарвах, хууран мэхлэх, аливаа ажил, асуудлыг аргалж өнгөрөөх үнэн дургүй хүн байв. Эд хөрөнгө, эрх мэдэл, алдар нэр, албан тушаалын төлөө зүтгэж яваагүй, элдэв ёс зүйгүй асуудалд орооцолдож нэр төрөө сэвтүүлээгүй, сүүн мөртэй, цагаан замтай  нэгэн байлаа.

Дээд тоонд тун сайн, таньдаг мэддэг оюутнууд бодлогоо бариад л ирнэ.  Удирдлагын академид нэгдлийн дарга нарын курст суралцаж байх үед нь тооцоолон бодохын багш нар дээд тоонд ийм мундаг нэгдлийн дарга бас байдаг аа хэмээн гайхаж байсан гэцгээдэг юм.

    М.Далайхүү бол яах аргагүй Арын сайхан хангай нутгаас, тэр дундаа өгөөж баян Өгийнуурын өлгий нутгаас төрж гарсан төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн эрхэм түшээ юм. Аав, ээжийнхээ тухайд “Аав маань дуу цөөтэй, нэрмэл байвал балгачихдаг, морь уях дуртай, гүдэс цөлх нэгэн байв. Миний мэдэхийн манайх гэдэг айл ихэвчлэн сүү тосны завод дээр үнээ саадаг байсан ч алаг голдуу овоо хэдэн адуутай байлаа. Зуны цагт уяа шузга дүүрэн л морьд байх. Өгий нутагтаа зартай хурданд тооцогдож байсан Авдуу панзын халзан азарга, оготор Сэрээнэнгийн улаан морь бол манай унаган адуу шүү дээ. Ээж маань үүр шөнөөр босоод л үнээгээ саана, өглөөний сэрүүнд тогоо нэрнэ, үдийн халуунд цай унд бэлдэнэ, орой дахиад үнээндээ гарна, гэрийн сүүдэрт суугаад юм оёж байхдаа сэрүү таттал исгэрдэг нь байнга л нүдэнд минь харагддаг юм” гэдэгсэн.

    Манай Далайхүүд тэнгэрээс заяасан нэг их аз завшаан бол эрдэнэ мэт сайн ханьтай учирсан явдал юм. Төр улсын тэр их ажлыг амжуулж явахад ар гэрийн амьдрал ахуйн их ачааг хүний эмчийн цаг наргүй их ажлынхаа хажуугаар Янжмаа л амжуулж залгуулж явсан даа. Янжмаа нэг удаа “Хөөрхий, хань минь нэгэн насандаа төрийн хар хүн байх төөрөг, хувьтай хүн байж дээ. Шударга цагаан хөдөлмөрөө улсдаа зориулж, түүндээ ч өөрөө жаргалтай байсан тэр үе л бидний амьдралын аз жаргалтай, хамгийн сайхан үе байсан даа”  хэмээн дурсаж байсан сан. Эдүгээ  охин Д.Алтанцэцэг нь аавыгаа залгамжлан төрдөө алба хашиж явна аж. 

    Татах “кран”-гүй жирийн малчны хүү хоёр дээд сургуулийг онц төгсөж, аймгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж явснаа тэрбээр  төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсны минь хишиг буяны үр юм даа гэдэг сэн.

…Амьдрал сэлгэн оджээ. Яруу зохист цагийн тэртээ, ховор эрдэнээс ч үнэтэй хонгор залуу насандаа учирч, үй зайгүй үерхэж явсан өргөн дэлгэр анд минь, өөрийнх нь аялах дуртай “Өвгөн шувуу” хэмээх ардын сайхан дууны  шуранхай шиг сэтгэлийн пансан дурсамжийг үе үехэн сэвэлзүүлсээр байх юм даа.

                           Улсын Их Хурлын гишүүн (2000-2008 он) Чойжамцын Раднаа

Өглөөнийн сонин 2020.10.12 /192/ 

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …